АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын зарим томоохон лед дэлгэцүүд АНУ-ын далбааны өнгөөр гэрэлтжээ.
Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, “Америкийн төрсөн өдрийг тэмдэглэн Улаанбаатар хот гэрэлтэж байгааг харахад сэтгэл хөдлөм байлаа. Эдгээр дэлгэцүүдийн заримыг ивээн тэтгэсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээн онцолсон байна.
Жил бүрийн долоодугаар сарын 4-нд тэмдэглэдэг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр нь 1776 онд Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсны ой бөгөөд энэ өдрийг дэлхийн олон улс дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд төрөл бүрийн арга хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.