Засгийн газар, Рио Тинто нэг хэлэлцээрийг хоёр өөрөөр тайлбарласан ч Оюутолгойн санхүүгийн нөхцөл Монголын талд ашигтайгаар эргэж эхэллээ

Засгийн газар, Рио Тинто нэг хэлэлцээрийг хоёр өөрөөр тайлбарласан ч Оюутолгойн санхүүгийн нөхцөл Монголын талд ашигтайгаар эргэж эхэллээ

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өөрчилсөн талаар Монгол Улсын Засгийн газар болон  Рио Тинто групп зургаадугаар сарын 30-нд мэдэгдэл хийсэн билээ. Уг мэдэгдэлд хоёр тал нэг хэлэлцээрийн талаар мэдээлсэн ч онцолсон агуулга нь эрс өөр байсан нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Тодруулбал, Монголын Засгийн газар уг тохиролцоог "түүхэн амжилт" хэмээн тодорхойлж, зээлийн хүү буурснаар 22 их наяд төгрөгийн зардал хэмнэх, Монголын талын өгөөжийг их наядаар хэмжигдэх дүнгээр нэмэгдүүлэх, цаашлаад энэ онд багтаан ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн тухай зарласан. Харин Рио Тинто хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан ээлжит үнэлгээний хүрээнд зээлийн хүүг шинэчилсэн, Онтрегийн лицензийн талбайтай холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэхээр болсон, уурхайн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээлээд өнгөрөв. Эндээс хамгийн түрүүнд "хэн үнэн, хэн худал ярьсан бэ" гэсэн бус, яг ямар тохиролцоо хийгдсэн бэ гэсэн асуулт урган гарч байгаа юм.

- 17 ЖИЛИЙН МАРГААНЫ ҮНДЭС БОЛСОН 34 ХУВИЙН САНХҮҮЖИЛТ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ШИРЭЭНД ИРЛЭЭ- 

Гэхдээ энэ удаагийн хэлэлцээрийг ойлгохын тулд 17 жилийн өмнөх хөрөнгө оруулалтын гэрээ рүү эргэн харах шаардлагатай. Тодруулбал, Монгол Улс 2009 онд Оюутолгойн төслийн 34 хувийг эзэмшихээр болсон ч өөрийн эзэмшлийн хөрөнгө оруулалтыг хийх санхүүгийн боломжгүй байсан тул уг хөрөнгийг хөрөнгө оруулагч талаас зээл хэлбэрээр авч, ирээдүйд ногдол ашгаасаа суутган төлөх нөхцөлийг зөвшөөрсөн. Энэ нь олон жилийн турш шүүмжлэл дагуулсан санхүүгийн загвар болж, Монголын тал ногдол ашиг авах хугацаа анхны тооцооллоос байнга хойшилсоор ирсэн юм. Эхэндээ 2023 оноос ногдол ашиг авах боломжтой гэж тооцож байсан бол дараа нь 2035, 2037, бүр 2039 он хүртэл хойшлох төсөөлөл гарсан нь төслийн өгөөжийн талаарх маргааны гол сэдэв болсон юм.

Иймээс өнгөрсөн онд УИХ Хянан шалгах түр хороо байгуулж, гурван өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол зохион байгуулсны дараа Засгийн газарт гэрээний нөхцөлүүдийг сайжруулах чиглэл өгсөн. Үүний дараа менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, Онтрегийн лиценз зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай шат дараатай хэлэлцээ өрнөж, өнгөрсөн сарын сүүлээр эхний тохиролцоонд хүрсэн талаар Засгийн газар мэдээлсэн юм.

-  ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРВОЛ ЗААВАЛ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ - 

Монгол Улсын Засгийн газраас хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 9.1 хувиас 7.9 хувь болгон бууруулснаар нийт 6.2 тэрбум ам.долларын хүүгийн зардлыг бууруулж, Монголын талын өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрджээ. Мөн өмнө нь долоон жил тутамд нэг удаа эргэн хэлэлцдэг байсан механизмыг гурван жил болгон өөрчилсөн нь дараагийн Засгийн газрууд ч гэрээг тогтмол сайжруулах боломжтой болсон гэж тайлбарласан. Үүнээс гадна энэ онд ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн талаар ч мэдэгдсэн.

Харин Рио Тинто эдгээр эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг мэдэгдэлдээ огт дурдсангүй. Компанийн мэдээлэлд хүүгийн шинэ хэмжээ, хэдэн тэрбум ам.долларын хэмнэлт гарах, Монголын талын өгөөж хэрхэн өсөх зэрэг тоон үзүүлэлт байгаагүй. Харин хувьцаа эзэмшигчдийн мөнгөн урсгалын хуваарилалтыг ойртуулах чиглэлээр ажиллах, Онтрегийн лицензийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр болсон тухай л мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засгийн үр ашгийг онцолсон бол Рио Тинто зөвхөн баталгаажсан тохиролцооны хүрээг мэдээлжээ.

Энэ нь  ногдол ашгийн асуудал дээр тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, Монголын Засгийн газар "энэ онд ногдол ашиг авна" гэж мэдэгдсэн бол Рио Тинто тодорхой он, хугацаа дурдаагүй. Үүнээс болж хоёр талын мэдэгдэл хоорондоо зөрж байгаа мэт сэтгэгдэл олон нийтэд төрсөн юм. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Онтрегийн лицензийн асуудлыг дахин хөндсөн. Тэрбээр "Онтрегийн лиценз гэж байхгүй. Монголын лиценз болсон байх ёстой. Монгол Улс Рио Тинтотой ярьдаг болохоос Онтрэ гэдэг компанитай хэлэлцээ хийх шаардлагагүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жаргалан хэлэлцээрийн агуулгыг УИХ-д бүрэн танилцуулах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдэв. Түүний хэлснээр хувь нийлүүлэгчдийн гэрээнд яг ямар өөрчлөлт орсон, Онтрегийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар УИХ мэдээлэл авч байж бодит үнэлгээ өгөх боломжтой аж.

Үүний дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ч тайлбар өгсөн. Тэрбээр "Монголын ард түмэн нийт өгөөжийн 51 хувийг хүртэх нөхцөл бүрдэхгүй бол гэрээ байгуулахгүй. Хэрэв хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орвол заавал УИХ-аар хэлэлцүүлнэ" хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн тохиролцоо нь хэлэлцээний тодорхой шатанд хүрсэн үр дүн боловч шаардлагатай өөрчлөлтүүд эрх зүйн түвшинд баталгаажих үйл явц цааш үргэлжлэхээр байна.

- ГУРВАН ЖИЛ ТУТАМ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ БОЛОМЖ НЭЭГДСЭН НЬ МОНГОЛЫН ТАЛЫН ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ БОЛЛОО - 

Эцсийн дүндээ энэ удаагийн хэлэлцээ монголын талд ашигтай байгаа явдал нь хамгийн том ололт болж байгаа юм. Тодруулбал, зээлийн хүү буурснаас гадна өмнө нь долоон жил тутамд нэг удаа нээгддэг байсан хэлэлцээний боломжийг гурван жил болгон богиносгосон явдал юм. Өмнөх Засгийн газрууд энэ боломжийг бараг ашиглаж байгаагүй бол цаашид Монголын тал гэрээний санхүүгийн нөхцөлийг илүү ойр ойрхон шинэчлэх боломжтой болж байна. Мөн энэхүү хэлэлцээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ түүхэн өндөр байгаа цаг үед хийгдэж буйгаараа давуу талтай юм. Тодруулбал, яг одоо Оюутолгойн хүдэр дэх зэсийн агууламж хамгийн өндөр үе шатандаа олборлогдож буй цаг үед болж байгаа юм. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 13,200 орчим ам.доллар байна. Тиймээс энэ удаагийн тохиролцоог зөвхөн хоёр талын мэдэгдлийн ялгаагаар хэмжих нь өрөөсгөл юм.  Зарласан тохиролцоонууд гэрээ, хууль эрх зүйн түвшинд бүрэн хэрэгжиж чадвал Монголын талын зээлийн дарамтыг бууруулж, ногдол ашгийг ойртуулж, Оюутолгой төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том ахицын нэг болж үлдэх боломжтой байна.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө