Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт өчигдөр /2026.06.30/ аянга буусны улмаас нийт зургаан удаагийн хээрийн гал түймэр гарч, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн анги, Хилийн цэрэг, аж ахуйн нэгжийн ажилтнууд болон орон нутгийн иргэд хамтран шуурхай ажиллаж, бүх түймрийг бүрэн унтраасан байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Түгээмэл" гэдэг газарт гарсан түймрийн дуудлагыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллан, мөн өдрийн 22:50 цагт бүрэн унтраав. Урьдчилсан байдлаар 1600 га орчим талбай түймэрт өртжээ. Мөн Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Хар тойром" гэдэг газарт гарсан түймрийн дуудлагыг 19:38 цагт хүлээн авч, Матад сумын Мэргэжлийн ангийнхан 22:05 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1000 га орчим талбай шатсан байна. Түүнчлэн Матад сумын Эрдэнэбадрах багийн "Эрэгцэг" гэдэг газарт гарсан түймрийг Матад сумын Мэргэжлийн ангийнхан болон "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд хамтран ажиллаж, дуудлага хүлээн авсан өдрийн 20:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 70 га орчим талбай өртсөн байна.
Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн "Чонот" гэдэг газарт гарсан түймрийн дуудлагыг 20:40 цагт хүлээн авч, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн иргэд хамтран ажиллаж, 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 01:50 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатжээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Усан-Уул" гэдэг газарт гарсан түймрийн дуудлагыг 22:06 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид ажиллан 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 01:20 цагт цурамд оруулж, 02:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 300 га орчим талбай өртжээ. Мөн Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн "Шар нуруу" гэдэг газарт 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийн гал түймрийг Хилийн цэргийн алба хаагчид унтраасан тухай мэдээллийг 19:20 цагт хүлээн авчээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулан, 18:39 цагт бүрэн унтраасан байна.
Иргэдийг хуурайшилт ихтэй үед ой, хээрт галын аюулгүй байдлыг чанд сахиж, гал түймэр илэрсэн тохиолдолд нэн даруй Онцгой байдлын байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.