Ч.Лодойсамбуу тэргүүтэй гишүүд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар АТГ-т шаардлага хүргүүлжээ

Ч.Лодойсамбуу тэргүүтэй гишүүд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар АТГ-т шаардлага хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэргүүтэй Ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсгийн гишүүд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 15-16-нд зохион байгуулсан юм.

Сонсголын үеэр НИТХ-ын зарим төлөөлөгч нийслэлийн өмчит байгууллагуудын гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалыг давхар хашиж, өөрсдийн удирддаг байгууллагын төсөв, төлөвлөгөө, тайланг НИТХ-аар хэлэлцэн батлахад оролцсон талаар мэдээлэл танилцуулагдсан байна. Мөн эдгээр тохиолдолд хуульд заасан ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаагүй байж болзошгүй асуудал хөндөгджээ. Иймээс ажлын хэсгийн гишүүд Авлигатай тэмцэх газарт дээрх нөхцөл байдал нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэх, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх, авлига гарах нөхцөл бүрдүүлсэн эсэхийг шалгаж, санал, дүгнэлт гаргахыг хүссэн байна.

Шаардлагад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгожээ. Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч нэгэн зэрэг төсөвт хяналт тавих үүрэгтэй атлаа тухайн төсвийг захиран зарцуулдаг байгууллагын удирдлагын албан тушаал хашсан нь хууль зөрчсөн эсэхийг тогтоож, холбогдох дүгнэлт гаргахыг АТГ-аас шаардсан байна.