Монгол Улсын Засгийн газар 2006 онд шинээр гэрлэлтээ батлуулсан хосуудад 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаж байв. Энэ мөнгө бол тухайн үеийн ханшаар залуу гэр бүлийн хувьд “том” тоо бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэх хосын тоо эрс өссөн юм. Тодруулбал, үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2005 онд 14 мянга 711 байсан гэрлэлтийн тоо 2006 онд 48 мянга 996 болж, гурав дахин нэмэгдэж байв.
Дээрх олон тоон дунд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хосуудын зэрэгцээ мөнгөний төлөө хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлэх тохиолдол дийлэнхийг нь эзэлж байгаа юм. Тухайн үед үүнийг төрөөс хайр сэтгэлийг мөнгөөр үнэлж байна гэсэн байр суурь олон нийтийн дунд хүчтэй гарч байв. Түүнчлэн дараагийн жилүүдэд нь эсрэгээрээ гэр бүл цуцлалтын тоо өссөн нь дээрх шийдвэр буруу байсныг улам бататгасан юм.
- ШИНЭЭР ГЭР БҮЛ БОЛСОН МАЛЧИН ЗАЛУУ ӨРХӨД 50- ААС ДООШГҮЙ БОГ МАЛТАЙ ТЭНЦЭХ ДЭМЖЛЭГИЙГ НЭГ УДАА ОЛГОНО -
Харин өнөөдөр үүнтэй төстэй нэгэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан боловсруулж байгаа аж. Тэрбээр "Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлдөө шинээр гэр бүл болсон малчин залуу өрхөд мал аж ахуйн анхан шатны хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор 50-аас доошгүй бог малтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг нэг удаа олгохоор тусгажээ.
Ингэхдээ дэмжлэгээр олгох мал нь үүлдэр, нас, эрүүл мэнд, ашиг шимийн шаардлага хангасан байх бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэртэй уялдуулан жил бүрийн төсөвт тусгаж, үе шаттай хэрэгжүүлэхээр заасан байна. Мөн дэмжлэгээр авсан малыг гурван жилийн хугацаанд худалдах, бусдад шилжүүлэхийг хориглож, малын өсөлт, ашиг шимийн талаарх тайланг жил бүр сумын холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээлгэжээ.

Фейсбүүкийн малчдын нэгдсэн групп дээрх бог малын ханшийг харвал өнөөдрийн байдлаар эр хонь 400-750 мянга, хургатай хонь 350 мянга, эр ямаа 250-350 мянга, төлөг 180-500 мянган төгрөг, борлон 130-150 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Ингээд бог малын дундаж ханшийг 300 мянган төгрөг гэж тооцвол 50 бог мал 15 сая төгрөгт хүрэхээр байгаа юм. Тодруулбал, энэхүү хуулийн төсөл батлагдвал шинээр гэр бүл болж буй малчин гэр бүлд төрөөс 15 сая төгрөгтэй тэнцэхүйц бог малыг олгох юм байна.
- МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ БАТЛАГДАХ ЁСТОЙ 11 ЖУРМААС ЕРДӨӨ ХОЁР НЬ Л БАТЛАГДСАН -
Малчдад үзүүлэх төрийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд олон нийтийн анхааралд ороод байгаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх хяналтын сонсголыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан юм. Сонсголын үеэр Малчны тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болсон ч хэрэгжилт хангалтгүй байгааг албаныхан хүлээн зөвшөөрсөн юм.
Тухайлбал, Малчны тухай хууль хэрэгжүүлэхтэй холбоотой батлагдах ёстой 11 журмаас ердөө хоёр нь л батлагдсан байна. Үүнээс шалтгаалан нийгмийн даатгалын нөхөн төлөлт зэрэг олон зохицуулалт бодит ажил болоогүй хэвээр байгаа юм. Хуульд тусгаснаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан иргэний нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар заасан. Гэвч малын эмч, мал эмнэлэг, мал эмнэлгийн эм зүй зэрэг ойролцоо мэргэжлүүдийг хамруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилд энэ хөтөлбөрт ердөө 50 оюутан хамрагджээ. Мөн малчдыг ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулж, хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт бодит амьдрал дээр бараг хэрэгжээгүй байна. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд ердөө хоёр малчин ипотекийн зээл авчээ. Үүнээс гадна гамшгийн үед амь насаа алдсан малчны ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, нийт мал сүргийнхээ 50-иас дээш хувийг алдсан эсвэл 16-40 насны залуу малчин өрхийг малжуулах зэрэг олон заалт мөн хангалттай хэрэгжээгүй байгаа талаар сонсголын үеэр дурдсан юм. Энэ мэтчилэн Малчны тухай хуульд заасан малчдыг дэмжихээр тусгасан өмнөх хуулийн заалтууд хэрэгжиж чадахгүй байхад үүн дээр нэмэгдэн 15 сая орчим төгрөгтэй тэнцэх дэмжлэг олгох хуулийг санаачилж байгаа нь анхаарал татаж байна.