БАРИМТ: МАН-ынхан нөхөн сонгуулиар Өвөрхангайд азийн сугалаатай тоглолт зохиож, Увсад мөнгө тарааж, Дархан-Уулд бэлгийн багц өгч хууль зөрчжээ

БАРИМТ: МАН-ынхан нөхөн сонгуулиар Өвөрхангайд азийн сугалаатай тоглолт зохиож, Увсад мөнгө тарааж, Дархан-Уулд бэлгийн багц өгч хууль зөрчжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль энэ сарын 21-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн нөхөн сонгуулиар таван аймгийн есөн суманд аймгийн ИТХ-ын есөн мандат, 15 аймгийн 33 суманд сумын ИТХ-ын 37 мандатын төлөө өрсөлдсөн юм. Улмаар аймгийн ИТХ-ын есөн мандатад эрх баригч МАН 100 хувийн ялалт байгуулсан. 

Ялалтын дараа МАН-ын дарга Н.Учрал нэр дэвшигчиддээ баяр хүргэж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “иргэд бидэнд итгэл хүлээлгэсээр байгаагийн илрэл” хэмээн мэдэгдсэн юм. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт эрх баригч нам төрийн нөөц ашиглаж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн болон мөнгөний нөлөөлөл ашигласан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл нөхөн сонгуулийн явцыг судлахад хэд хэдэн аймагт болсон үйл явдал Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгуулийн шударга байдал хангагдаж чадаагүй гэж үзэж болохоор байна.  

-СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЗИЙН СУГАЛААТАЙ УРЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛЖЭЭ-

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд энэ сарын 17-ны 16:00 цагт МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгуулагдаж, урлагийн тоглолт болон азын сугалаа явуулсан талаар "урилга"-ын материал олон нийтэд тархжээ. Уулзалтад Гадаад харилцааны яамны дэд сайд болон намын удирдлагын төлөөлөл оролцсон байна.

Орон нутгийн нөхөн сонгуулийн үеэр МАН-аас гаргасан урилга

Угтаа бол 2026 оны 6 дугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилсэн. Энэ хугацаанд ямар нэгэн тоглолт, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хууль бус сурталчилгаа хэмээн хориглодог юм. Азын сугалааны үеэр ямар төрлийн эд зүйл тараасан, түүний өртөг ямар байсан талаар ч албан ёсны мэдээлэл нийтлэгдээгүй байна.

Сонгуулийн тухай хууль

-УВС АЙМАГТ НЭР ДЭВШИГЧ Ө.БАРСҮРЭН НЬ ТУС АЙМГИЙН ИХЭНХ ТЕНДЕРТ ШАЛГАРДАГ БӨГӨӨД НӨХӨН СОНГУУЛИЙН ӨМНӨ ХҮҮДЭЭ КОМПАНИА ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Энэ удаагийн нөхөн сонгуульд Увс аймаг улс төрийн хамгийн өрсөлдөөнтэй бүсийн нэг байжээ. Нөхөн сонгуулиас өмнө аймгийн ИТХ-д МАН 19, АН 14, хоёр бие даагч төлөөлөгчтэй байсан. Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр бие даагч хоёр төлөөлөгч Ардчилсан намын гишүүнчлэлтэй байсан тул бодит харьцаа 19:16 байжээ. Хэрэв нөхөн сонгуулиар хоёр мандатыг АН авсан бол олонхийн харьцаа өөрчлөгдөх нөхцөл үүсэх байсан. Иймд эрх баригч нам энэ тойрогт ихээхэн анхаарал хандуулсан аж.

Увс аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 16-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ө.Барсүрэн, Увс аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 2-р тойрогт МАН-аас Б.Солонго нар ялалт байгуулжээ. Тус хоёр шинэ төлөөлөгчийн нэг Ө.Барсүрэн нь “Амарсанаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буюу энэ нөхөн сонгуулийн өмнө өөрийн хүү Б.Дөлгөөндөө компаниа шилжүүлжээ.

Эх сурвалж: УБЕГ

Нээлттэй мэдээллийн сан дахь бүртгэлээс үзэхэд тус компани Увс аймагт хэрэгжсэн олон төсөл, худалдан авах ажиллагаанд шалгарсан байна. Хамгийн сүүлд гэхэд Увс аймагт улсын төсвөөс барьж өгөөд шатсан Шинэ Улаангом захын тендерт тус компани шалгарчээ. Өөрөөр хэлбэл, цаашид Ө.Барсүрэн өөрөө тендер зарлаж, хүүгээ оролцуулах нөхцөл л үүсэж байна.

-УВС АЙМАГТ 800 ЦАРЦАА НҮҮЛГЭСЭН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Цаашлаад Увс аймагт сонгогчдын тоо болон санал өгөгчдийн үзүүлэлт өмнөх сонгуулиудтай харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нь анхаарал татаж байна. Тодруулбал, Улаангом сумын нөхөн сонгуульд 1544 сонгогч санал өгсөн бөгөөд нийт оролцоо 75.6 хувь гэж тооцвол сонгогчдын нийт тоо ойролцоогоор 2042 байх боломжтой гэсэн дүн гарч байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр тухайн тойрогт 882 иргэн санал өгч, нийт сонгогчдын тоо 1204 байсан мэдээлэл байна. Ингэж үзвэл 2024 оны сонгуулиас хойш ойролцоогоор нэг жил зургаан сарын хугацаанд сонгогчдын тоо 800 орчим хүнээр өссөн дүр зураг ажиглагдаж байна. "Царцаа нүүлгэх" гэдэг бо төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг.  

Сонгуульд тухайн тойргийн байнгын оршин суугч буюу дор хаяж 180 хоног амьдарсан иргэн саналаа өгөх хуультай. Гэтэл 180 хоногийн өмнө сонгуулийн зорилгоор иргэдийг өөрийнхөө нэр дэвших тойрогт олноор нь хаяг шилжүүлэн, өөртөө санал өгүүлж буй үйлдлийг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт тооцоогүй буюу өнгөрсөн хугацаанд энэ асуудлаас болж, ял шийтгэл авч байсан нэг ч улстөрч байхгүй. Мөн “царцаа”-ны хүчээр сонгогдсон гишүүнийг эгүүлэн татсан жишээ ч байхгүй. Мөн Увс аймагт албан болон албан бус эх сурвалжуудын мэдээллээр сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд сонгогчдод 300 мянган төрөг тараасан гэх албан бус мэдээлэл ч байна.

-ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ М.ДАВААДАЛАЙ БЭЛГИЙН БАГЦ ТАРААЖЭЭ-

Дархан-Уул аймгийн Хонгор суманд сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод бэлгийн багц тарааж, Сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Ардчилсан намын сонгуулийн штаб цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Одоогоор уг гомдлын мөрөөр хууль хяналтын байгууллага ямар шийдвэр гаргасан талаар олон нийтэд мэдээлээгүй байна. 

Бэлгийн багц

Тус бэлгийн багцийг сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАН-аас нэр дэвшигч М.Даваадалайн ээж гэх эмэгтэй тараасан аж. Гэтэл МАН-аас нэр дэвшигч М.Даваадалай нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад байна. 

2026 оны нөхөн сонгууль ердөө 46 мандатын төлөө болсон хэдий ч улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөн, сурталчилгааны арга барил болон сонгуулийн орчны бодит байдалтай холбоотой олон асуултыг үлдээж байна. Сонгуулийн хугацаанд зохион байгуулагдсан урлагийн тоглолт, азын сугалаа, сонгогчдын бүртгэл болон тооны өөрчлөлт, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал, мөн сонгогчдод эд зүйл тараасан гэх гомдлууд нь сонгогчдын итгэлийг улам сулрууллаа. 

Эдгээр асуудалд холбогдох байгууллагууд бодит баримтад тулгуурласан, ил тод тайлбар өгч, шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын үр дүнгээ олон нийтэд нээлттэй мэдээлэх нь чухал байна. Учир нь иргэд мөрийн хөтөлбөр, бодлого, хийсэн бүтээснээрээ өрсөлддөг шударга, ил тод сонгууль шаардаад удлаа. Мөн нөгөө талд эл нөхцөлд сөрөг хүчин Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд намаа хэрхэн удирдаж ирэх сонгуулиудад орох вэ гэх их сорилт хүлээж байна.  




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө