Хотын төвийн гудамж, баяр наадам, тоглоомын худалдааны лангуу бүр дээр өнгө өнгийн савлагаатай үлээдэг хөөс өрөөстэй харагдана. Хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомын нэг болсон энэ бүтээгдэхүүн 4-5 мянган төгрөгийн үнэтэй, хэрэглэхэд энгийн учраас эцэг эхчүүд шууд л аваад өгдөг. Зарим хүүхэд үлээдэг хөөс авахуулах гэж уйлж, зөрүүдлэх нь ч бий. Гэвч тэр жижиг савтай шингэн үнэндээ хүүхдийн биед хортой химийн бодис агуулдаг гэдгийг төдийлөн мэддэггүй.
ВИДЕО:
Анзаараад харахад үлээдэг хөөсөөр тоглосны дараа хүүхдийн хувцас дээр хар бараан толбо тогтсон байдаг. Энгийн угаалтаар арилахгүй, заримдаа бүр хувцсыг хэрэглэх аргагүй болтол нь өнгө оруулсан байдаг нь олон айлд тохиолддог асуудал. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй химийн бодисын эхний шинж тэмдэг юм. Учир нь хөөсийг өтгөн бүтэцтэй, уян хатан, агаарт удаан тогтоцтой байлгахын тулд хром, хар туглага зэрэг төрөл бүрийн химийн нэгдэл ашигладаг аж.
Монгол Улсад худалдаалагдаж буй үлээдэг хөөсний дийлэнх нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, гарал үүсэл болон найрлагын тодорхой мэдээлэлгүй байдаг. Зарим бүтээгдэхүүн дээр монгол хэл дээрх тайлбар, стандартын тэмдэглэгээ ч байдаггүй. Гэсэн атлаа хүүхдийн хамгийн их хүрэлцдэг, арьс болон амьсгалын замтай шууд харьцдаг тоглоомын нэг хэвээр байна.
-ХРОМЫН ХЭМЖЭЭ С4 ДҮГЭЭР ТҮВШНЭЭС ДАВБАЛ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙГ ТОГТООСОН БАЙДАГ-
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом, тэр дундаа үлээдэг хөөсөнд хар тугалга болон хром зэрэг хүнд металл агуулагдаж байгааг тогтоожээ. Эдгээр бодис нь хүний биед бага хэмжээгээр ч удаан хугацаанд хуримтлагдвал ноцтой хор нөлөө үзүүлдэг байна.
/Lead poisoning/ буюу хар тугалага нь дэлхий нийтэд хүүхдийн эрүүл мэндэд хамгийн аюултай химийн бодисуулын нэгт тооцогддог аж.
Хар тугалга нь ихэвчлэн будагч бодис, өнгө оруулагч найрлагад ашиглагддаг бөгөөд тод өнгөтэй тоглоомд агуулагдах нь элбэг байдаг аж. Хүүхэд үлээдэг хөөсөөр тоглох үедээ гараараа хүрч, зарим тохиолдолд амаараа үлээж, шингэнийг санамсаргүй залгих эрсдэл ч байдаг. Ингэснээр химийн бодис шууд биед нэвтрэх боломжтой болдог байна. Хар тугалга хүний биед ормогц цусаар дамжин тархи, бөөр, элэг зэрэг эрхтэнд хуримтлагддаг.
Насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүүхдийн бие организм энэ төрлийн хордлогод илүү өртөмтгий байдаг нь шинжлэх ухаанаар тогтоогджээ. Учир нь хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг тул химийн бодист амархан гэмтдэг байна.
Эмч нарын мэдээлж буйгаар хар тугалгад удаан хугацаанд өртсөн хүүхдийн ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөх чадвар сулрах, хэл ярианы хөгжил хоцрох, зан авирын өөрчлөлт илрэх эрсдэл нэмэгддэг аж. Зарим хүүхэд хэт түрэмгий болох, тайван сууж чадахгүй байх, суралцах чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн ясны өсөлт удаашрах, цус багадалт үүсэх, бөөрний үйл ажиллагаа алдагдах аюултайг судлаачид анхааруулдаг. Хар тугалгын хамгийн аюултай тал нь хүний биед аажмаар хуримтлагддагт оршдог. Нэг удаагийн бага хэмжээний өртөлт тэр даруй шинж тэмдэг өгөхгүй байж болох ч удаан хугацаанд давтагдвал мэдрэлийн тогтолцоонд эргэлт буцалтгүй өөрчлөлт үүсгэдэг байна. Тиймээс хүүхдийн өдөр бүр хүрч тоглодог бүтээгдэхүүнд энэ төрлийн бодис агуулагдах нь хамгийн том эрсдэл гэж үздэг.
Үлээдэг хөөсөнд агуулагддаг өөр нэг аюултай бодис бол хром. /Chromium compounds/ буюу хром нь бүтээгдэхүүнд өнгө, гялалзсан эффект өгөх зориулалтаар ашиглагддаг. Ялангуяа тод ногоон, цэнхэр, улбар шар өнгийн тоглоомд хромын агууламж өндөр байх тохиолдол олон байдаг аж. Хром нь төрөл бүрийн хэлбэртэй байдаг ч үйлдвэрийн зориулалтаар ашиглагддаг зарим нэгдэл нь хүний эрүүл мэндэд маш хортой нөлөөтэй.
Судалгаагаар хромын өндөр агууламж буюу С4 дүгээр түвшнээс давбал хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг тогтоосон байдаг.
Мөн арьсны хүчтэй харшил, амьсгалын замын цочрол, уушгины өвчлөл үүсгэх аюултай аж. Хүүхэд үлээдэг хөөсөөр тоглох үедээ шингэнийг гараараа оролдож, дараа нь нүд, хамар, амаа хүрэх нь элбэг. Энэ үед химийн бодис арьсаар болон салстаар дамжин биед шингэдэг байна. Хромын нөлөөнд удаан хугацаанд өртөхөд арьс улайх, тууралт гарах, загатнах зэрэг шинж илэрдэг бөгөөд зарим хүүхэд архаг харшилтай болох эрсдэлтэй байдаг аж.

-ДЭЛХИЙ ДАЯАР ЖИЛ БҮР 15-ААС ДООШ НАСНЫ 35 МЯНГА ОРЧИМ ХҮҮХЭД ХИМИЙН ХОРТ БОДИСЫН НӨЛӨӨЛНӨӨС БОЛЖ АМЬ НАСАА АЛДДАГ ГЭХ ХАРАМСАЛТАЙ ТОО БАРИМТ БИЙ-
НЭМҮТ-өөс Монгол Улсад худалдаалагдаж буй хүүхдийн тоглоомд хийсэн судалгаагаар шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүний 26 хувьд нь химийн бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
Түүнээс хамгийн их илэрсэн нь хром байсан бөгөөд нийт шаардлага хангаагүй тоглоомын тал хувьд нь өндөр агууламжтай илэрчээ.
Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар жил бүр 15-аас доош насны 35 мянга орчим хүүхэд химийн хорт бодисын нөлөөнөөс болж амь насаа алддаг гэх харамсалтай тоо баримт бий. Үүний тодорхой хэсгийг хүүхдийн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл эзэлдэг гэж үздэг байна. Эцэг эхчүүдийн хувьд “хүүхдийн тоглоом учраас аюулгүй байх ёстой” гэсэн итгэл түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр хамгийн хямд, тод өнгөтэй, гарал үүсэл тодорхойгүй тоглоомууд хамгийн өндөр эрсдэлтэй байх магадлалтайг ДЭМБ-ын мэргэжилтнүүд үргэлж сануулдаг байна. Ялангуяа шошгогүй, найрлага тодорхойгүй үлээдэг хөөсийг хүүхдэд авч өгөхгүй байхыг зөвлөжээ.
