Нэмэгдсэн өртгийн албан татварыг /НӨАТ/ Монгол Улс 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ татварын систем нь улсын төсвийг бүрдүүлэх том орлогын эх үүсвэрүүдийн нэг болохын зэрэгцээ бизнесүүдийн орлогыг хянах гол механизм болдог онцлогтой.
Ялангуяа 2016 онд И-баримт систем нэвтэрснээр иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлж, буцаан олголт авах болсноор энэ үүргээ тодорхой биелүүлэх болсон гэж үздэг. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлд багтаж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь энэ тогтолцоонд дахин томоохон өөрчлөлт оруулах гэж байна. Тодруулбал, уг төсөлд НӨАТ төлөгч болох босгыг огцом өсгөх, “сайн” үнэлгээтэй татвар төлөгчдөд НӨАТ төлөх хугацааг хойшлуулах эрх олгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.
-50 САЯЫН БОРЛУУЛАЛТТАЙ БИЗНЕС НӨАТ ТӨЛДӨГ БАЙСАН БОЛ ОДОО 400 САЯ ХҮРТЭЛ ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ-
Тодруулбал, одоо мөрдөгдөж буй хуулиар жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Харин шинэ хуулийн төсөлд энэ босгыг 400 сая төгрөг болгон өсгөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл жилийн 100 сая, 200 сая, бүр 300 сая төгрөгийн орлоготой бизнесүүд хүртэл НӨАТ-ын системээс гарах боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр татварын орчинд үүсч болох том эрсдэлийн нэг нь компаниуд зохиомлоор “жижигрэх” асуудал байж магадгүй байгаа юм. Учир нь өмнөх жилүүдэд зарим бизнес орлогоо хуваах, өөр хүний нэр дээр компани байгуулах, хэд хэдэн жижиг аж ахуйн нэгж болгон салгах замаар татварын хөнгөлөлт эдэлдэг гэх шүүмжлэл гардаг байсан. Тэгвэл 400 сая төгрөгийн босго үүссэнээр нэг том бизнес хэд хэдэн жижиг компани болж “хуваагдах”, НӨАТ-аас зайлсхийх, албан ёсны орлогоо багасгаж мэдүүлэх эрсдэл улам нэмэгдэж болзошгүй байна.
Түүнчлэн одоо мөрдөгдөж буй хуульд НӨАТ төлөгч болох 50 сая төгрөгийн босгын 20 хувь буюу 10 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж хүсэлт гарган НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломжтой байдаг. Харин шинэ төсөлд:
- НӨАТ төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож,
- 20 хувь гэсэн хэмжээг 2.5 хувь болгон өөрчлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж хүсэлтээ өгөөд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломж хэвээр үлдэж байгаа юм.
-“САЙН” ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИ НӨАТ-АА ХОЙШЛУУЛЖ ТӨЛНӨ-
Хуулийн төсөлд мөн татварын сахилга бат сайтай аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлөх хугацааг хойшлуулах боломж олгохоор тусгажээ.
Тухайлбал:
- “сайн” үнэлгээтэй татвар төлөгч НӨАТ-аа нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулах,
- өмнөх өрөө хугацаанд нь төлсөн бол хоёр сар хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөх эрхтэй болох юм.
Энэ заалт нь импортлогчдод ч мөн ижил нөхцөл үйлчлэхээр байгаа бөгөөд энэ нь бизнесүүдийн мөнгөн урсгалын дарамтыг бууруулах зорилготой аж. Гэхдээ борлуулалтын баримт олгоогүй, татварын үнэлгээ буурсан тохиолдолд уг эрх автоматаар цуцлагдаж, татварын өр барагдуулах ажиллагаа шууд эхлэхээр төсөлд тусгасан байна.
Засгийн газрын зүгээс хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, татварын өр барагдуулах үйл ажиллагаа уян хатан болохын зэрэгцээ татварын таатай орчин бий болно хэмээн тайлбарлаж буй. Гэвч нөгөө талд НӨАТ төлөгч ААН цөөрөх, далд эдийн засаг тэлэх, төсвийн орлого буурах, татварын шударга тогтолцоо алдагдах эрсдэлүүд мөн үүсч болзошгүй байгаа юм. Тиймээс энэ өөрчлөлт үнэхээр жижиг бизнесийг дэмжиж чадах уу, эсвэл НӨАТ-ын тогтолцооны хамрах хүрээг хумих уу гэдэг нь хамгийн том асуулт хэвээр үлдэж байна. Тэр ч байтугай шударгаар татвараа төлдөг бизнесүүдэд дарамт үүсгэж, том компаниудын өсөлтийг сааруулан, татварын тэгш байдлыг алдагдуулах эрсдэлтэй байж болзошгүй байгаа юм.