Монголын тогооч нарын холбооноос Монголын уламжлалт хоол болох хорхогийг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, улмаар Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлжээ.
Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр "Монгол Улсын хоол үйлчилгээний салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг. Монгол хорхогийг дэлхийн Геннисийн амжилтад бүртгүүлэх санаачилга гаргаад 10 орчим жил болж байгаа. Энэ жил хандив босгоод, эртнээс уламжилж ирсэн хорхог хэмээх хүндэтгэлийн зоогийг дэлхийд данслахаар болсон" гэв.
Ирэх наймдугаар сарын 22-нд мянган тогооч нэгэн зэрэг хорхог хийж, хамгийн олон хүн зэрэг хорхог бэлтгэсэн амжилтаар Гиннест бүртгүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн амжилтын төлөө бус Монголын уламжлалт хоол, соёлыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.