Хот хоорондын автобусаар зорчиж үзээгүй хүн ховор. Хамгийн эхэнд хүмүүсийн бодолд олон зорчдог, дуу чимээ их, агаар сэлгэлт муутай, холын зорчигчид унтах боломж багатай гэсэн сөрөг зүйлсүүд төсөөлөгдөж магадгүй юм. Гэтэл энэхүү хэвшмэл ойлголтыг өөрчилж, хот хоорондын тээврийн хэрэгслийн өнгө төрхийг нэмж буй “Улаанбаатар-Ховд” чиглэлийн “VIP” автобусыг бид энэ удаа сурвалжиллаа.
ВИДЕО:
-СУУДАЛ НЬ ХӨЛ АМРААГЧТАЙ, 45 ГРАДУС НАЛДАГААС ГАДНА ТАНД НӨМӨРЧ УНТАХ ХӨНЖИЛ ХҮРТЭЛ ӨГНӨ-
Манай сурвалжлах баг зорчигч тээврийн зогсоолд буй автобусан дундаас “VIP” гэсэн бичигтэй “Улаанбаатар-Ховд” чиглэлийн автобусыг зорин очлоо. Гадна талаасаа бусад автобустайгаа адил, байдаг л нэг мэт боловч дотогш ороход огт өөр зүйл биднийг угтсан юм. Тус автобусны үүдний хэсгээс энгийн автобусанд байдаггүй олон зүйлс анзаарагдав. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол автобусны сохор бүсийн камер жолоочийн хянахын хажууд байрлуулжээ. Автобус байтугай суудлын машинууд хүртэл сохор бүсээс болж осол гаргах тохиолдлууд олон байдаг билээ.
Энгийн автобуснууд 45 хүний суудалтай байдаг бол тус автобус 28 хүний суудалтай.

-"VIP" АВТОБУС 24 ЦАГИЙН САНСРЫН ИНТЕРНЭТТЭЙ-
Автобусны урд хэсэгт ус буцалгагч, хөргөгч байрлуулж, зорчигчдод кофе, цайгаар үнэгүй үйлчилдэг байна. Мөн зорчигчид гар утсаа цэнэглэх боломжтой 220 вольтын залгуур байгаа харагдав. Хөдөө орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байдаг зүйл бол утасны сүлжээний асуудал байдаг. Гэхдээ энэхүү автобусаар зорчиж байгаа хүмүүст ийм асуудал тулгардаггүй аж. Яагаад гэвэл энэ автобус сансрын 24 цагийн интернэттэй. Утасгүй бол амьдрахад бэрх болсон цагт үүнээс илүү сайн зүйл байхгүй биз ээ. Хол замд тухтай явахад нөлөөлдөг чухал зүйлсийн нэг нь сандал байдаг. Тус автобусны сандлын түшлэг 45 градус налдаг, хөл амраагчтайгаас гадна унтахдаа нөмрөх дулаан хөнжил хүртэл танд өгнө.

-ЭНГИЙН АВТОБУС 147 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЯВДАГ БОЛ “VIP” АВТОБУС 177 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ-
Энэхүү олон мянган хүнийг хүрэх газарт нь тав тухтай хүргэж өгдөг автобусны жолооч “Манай чиглэлийн “VIP” автобуснууд долоо хоногийн мягмар гарагаас бусад өдөр 18.00 цагаас хөдөлдөг. Одоо үед хүмүүс хамгийн түрүүнд тав тухыг эрхэмлэдэг болчихсон. Тэр ч утгаараа манай чиглэлийн “VIP” автобуснууд байнгын дүүрэн хүнтэй явдаг. Үнийн хувьд 30 мянган төгрөгийн л зөрүүтэй. Ховд аймаг руу 17-20 цагийн хооронд явдаг. Энэ бол бага хугацаа биш шүү дээ. Тийм учраас автобусанд маань суусан хүмүүс та тухтай унтаж, байнгын сүлжээтэй байгааг харах сайхан байдаг” гэсэн юм.
"Улаанбаатар-Ховд" чиглэлийн энгийн автобус 147 мянган төгрөг байдаг бол интернэттэй илүү тухтай унтаж халуун кофе, цай ууж явахад 30 мянган төгрөг илүү буюу 177 мянган төгрөг төлөхөд хангалттай аж. Энэ мэт тав тухтай, илүү дэвшилтэд автобус хот хооронд явж эхэлснээр хүмүүс автобусаар зорчихыг илүүд үзэж, хөдөөний замд гардаг ослын тоо ч буурах боломжтой. Мөн зуны улирал эхэлж байгаатай холбоотойоор гадны жуулчид Монгол Улсад ирээд хот хоорондын автобусаар зорчихдоо илүү таатай мэдрэмж авах буй за.