Дарханы Засаг даргын “50 хувийн гүйцэтгэлгүй барилгад захиалга авахыг хориглож, газрын эрх цуцална” гэх мэдэгдэл шүүмжлэл дагуулав

Дарханы Засаг даргын “50 хувийн гүйцэтгэлгүй барилгад захиалга авахыг хориглож, газрын эрх цуцална” гэх мэдэгдэл шүүмжлэл дагуулав

Хотын дарга Х.Нямбаатарын олон нийтийн өмнө төрийн албан хаагчдыг загнах, шууд үүрэг даалгавар өгөх, лайваараа асуудал “шийддэг” гэх имиж орон нутгийн удирдлагуудад “халдварлаж” байна. Тэр дундаа Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд илүүтэй ажиглагдаж буй.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал сүүлийн үед газар дээр нь ажиллах үеэрээ албан тушаалтнуудад чиглэл өгч, шүүмжилсэн бичлэгүүдээ цахим орчинд нийтлэх болсон. Нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тогтмол түүнийг нь нийтлэх болжээ.

Хамгийн сүүлд тэрбээр “50 хувийн гүйцэтгэлдээ хүрээгүй барилгуудад орон сууцны захиалга авахыг хориглоно. Үүнтэй холбоотой албан даалгавар гаргаж, шаардлага биелүүлэхгүй бол газрын эрхийг нь хүртэл цуцлана” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээлээ. Мэдээж иргэдийг эрсдэлтэй худалдан авалтаас хамгаалах, хохирлоос сэргийлэх шаардлага бий. Гэвч хуульд заасан зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудын захиалга авах эрхийг орон нутгийн удирдлага дангаараа хязгаарлах нь эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй байгаа юм.

Аймгийн Засаг даргын үндсэн үүрэг нь улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн бодлого зохион байгуулах, төсөв санхүүг удирдах явдал байдаг. Харин бизнесийн үйл ажиллагаанд шууд хориг, хязгаарлалт тогтоох, газрын эрхийг цуцлах зэрэг асуудал нь зөвхөн нэг албан тушаалтны шийдвэрээр хэрэгжих ёсгүй юм. Харин холбогдох хууль, хяналтын байгууллагын хүрээнд шийдвэрлэгдэх учиртай асуудал билээ.

ВИДЕО: