Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өчигдөр /2026.05.11/ болж, Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулсан.
Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллах болсон. Харин яллагдагчаар татагдсан Т.Даваадалайгийн оронд томилогдсон буюу Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцсан хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин ажиллах болсон билээ. Тэгвэл НЗД-ын хоёрдугаар орлогч шинэ ажлаа авсан эхний өдрөө ОХУ-ын Эрхүү хотод томилолт хийж байгаа аж. Тэрбээр энэхүү томилолтоороо ирэх өвлийн нийслэлчүүдийн хэрэглээний хийн түлш буюу газны үнэ, тариф, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлд хэлэлцээр тухайгаа цахим хуудсаараа мэдээлжээ.