ҮХЦ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дөрвөн жил гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

ҮХЦ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дөрвөн жил гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн байна.

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалттай нийцэхгүй байгааг танилцууллаа.

Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир болон мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбат оролцсон байна. Хуралдааны эцэст ҮХЦ-ээс Ерөнхийлөгчийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэсэн хэсгийг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.