Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.05.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлын дарга хуралдааны эхэнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг танилцуулсан. Тухайлбал, Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороонд, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилав. Хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа явуулсныг дурдаад төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлах санал хураалтыг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсны дараа явуулах тул төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.