Ардчилсан намд АНД хэмээх шинэ фракц "мэндэлжээ"

Ардчилсан намд АНД хэмээх шинэ фракц "мэндэлжээ"

Үндэсний сэргэн мандалт, хөгжлийн төлөөх АНД эвсэл (Alliance for National revival and Development) нэртэй энэхүү фракц улс төрд үнэт зүйлсээ тунхаглаж, шинэ зарчмуудыг санал болгож байна. Тус фракц дөрөвдүгээр сарын 07 /2026.04.07/ нээлтээ хийсэн байна.

Тэд үндэсний өв уламжлал, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, зах зээлийн дэг журмыг бататгах, үндэсний эрх ашигт нийцсэн гадаад бодлого, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг үнэт зүйлсдээ багтаасан байна. Үүнээс үзвэл тус фракц нь АН-ын дотоод дахь бусад фракцуудтай харьцуулбал хөгжлийн бодлогыг тодорхойлж, намын шийдвэрт дорвитой нөлөө үзүүлэх амбицтай гэж ойлгогдож байна. Мөн АНД фракцынхан нээлттэй мэтгэлцэх, хувийн хариуцлага, гүйцэтгэл зэрэг улс төрд алсарсан ойлголтуудыг үйл ажиллагааны зарчим болгох, цаашид АН-ын соёл болгох зорилготой гэжээ.

Мэдээж хэрэг энэхүү фракц АН-д цаашлаад Монголын улс төрд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байгаа ч улс төрд чанагдсан, бас ч АН-ын нүүр царай болж яваа залуус, дунд үеийнхий нэгдэл гэдэг нь харагдаж байна.

Тус фракцын нээлтийн арга хэмжээнд Да.Ганболд очиж оролцсон нь АН-ынхны дотоодод нэлээд яриа үүсгээд байгаа бололтой. Мөн тус фракцын үүсгэн байгуулагчдын дунд УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүд байгаагаас АН-ын дарга О.Цогтгэрэлтэй ойр гэж хардах хэсэг ч байна. АНД-ынхөн одоогоор АН-ын ҮБХ-нд гуч орчим гишүүдтэй гэдгээр нь харьцуулбал одоогийн ҮБХ дотор хуучны МОХ, Нэг Ардчилал зэрэг фракцуудаас ч олон гишүүнтэй гэсэн үг ажээ.