Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, үүнтэй холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээ авсан ч шүүхээс суллаад байгаа. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуягаас тодрууллаа.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Туулын хурдны зам”-ын төслүүдийг сонгон шалгаруулах явцдаа их хэмжээний мөнгө ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй мэдээллийг шалгасан. Шалгалтын явцад Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож авсан мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн" гэлээ.
Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн болон, А-ийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5,6 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47,9 сая төгрөг гээд нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг авсан байна.
Энэхүү үйлдлийг хийсэн албан тушаалтан нь Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйл ангиар үүсгэсэн тухайн хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шалгуулахаар прокурорын байгууллагт саналаа хүргүүлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын тогтоосон журмаар бол тухайн Эрүүгийн тусгай ангийн 22.1 дэх заалт нь Авлигатай тэмцэх газрын шалгадаг гэмт хэрэг. Тийм учраас прокурорын байгууллагаас энэ дагуу харьяаллыг тогтооно гэж бодож байна хэмээн ярьсан юм.
ШУУД ҮЗЭХ: