УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Харин тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар хэд хэдэн удаа шүүхэд хандсан ч шүүхээс түүний хилийн хоригийг цуцлах боломжгүй гэж үзсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд шүүх тус хүсэлтийг энэ сарын 13-ны өдөр хэлэцээд "Хилийн хоригийг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй" хэмээн үзэж, хилийн хоригийг нь цуцлаагүй юм.
Харин тэрбээр энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан юм. Тэгвэл тус шүүх УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн гомдлыг хэлэлцээд, мөн л хүлээж авах боломжгүй гэж үзжээ.
Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгасан бөгөөд хэргийг "боож дууссан" гэх мэдээлэл байгаа юм.