Хуулийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нарын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд явсан. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэгээс тодрууллаа.
ВИДЕО:
-Нийслэлийн "Сэлбэ дэд төв"-ийн тендертэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Д.Сэргэлэнбаатар, "Үнэн ба зөв" намын дарга Ш.Мөнхсайхан нарын албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар та мэдээлэл өгөөч.
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн талаарх мэдээллийг мөрдөх байгууллагаас тодруулж, илүү нарийн тодорхой мэдээллийг авах боломжтой.
АТГ-аас "Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны барилгын тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан.
-Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн орон байранд нь нэгжлэг хийж, саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Энэ асуудлаар та мэдээлэл өгөөч.
-Уг асуудалд Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 2.1, 18.6-р зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр дурдсан иргэдийн орон байр, хуулийн этгээдийн албан өрөө болон иргэн н.Билгүүн, н.Болормаа нарын орон байранд нэгжлэг хийх, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.4-р зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж завших, 18.1 буюу мөнгө угаах гэмт хэргээр Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.