Замын-Үүд дэх гаалийн байцаагч С.Аюурзана, Д.Тэмүүлэн нарыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Замын-Үүд дэх гаалийн байцаагч С.Аюурзана, Д.Тэмүүлэн нарыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 40 гаруй улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан шалгалт, нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн бүрдүүлэлт хийдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Урьдчилсан байдлаар уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг шалгаж байгаагаас гурван этгээдийг яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Улмаар Замын-Үүд дэх хяналт шалгалтын улсын байцаагч С.Аюурзана, Д.Тэмүүлэн нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.