“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудал сүүлийн үед "өндрийг" авч, уг төслийг хууль хяналтын байгууллагаар шалгаж дуусах хүртэл түр хугацаанд зогсоогоод байгаа.
Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас (АТГ) “Туулын хурдны зам”-ын төслийн хүрээнд нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тодруулбал, АТГ-аас "Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэдгийг тодотгосон.
Тэгвэл "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт АТГ-аас өчигдөр /2026.04.27/ нэгжлэг хийж, улмаар түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан, шалгаж эхэлжээ.
Сануулахад, “Улаанбаатар метро” төслийг удирдаж буй Т.Мөнхдалайгийн төрсөн ах болох Т.Даваадалайгийн эхнэрийн “Авангард Уран Дизайн энд Инженеринг” гэх компани тус тендерийн сүүлчийн шатанд шалгарсан байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. Мөн түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл ч ил болоод байгаа юм. Тиймээс бид албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулан эргэн мэдээлэх болно.