Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Бямбасүрэнд шүүхээс 13 жилийн хорих ял оноогоод буй. Түүнийг авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Энхболдыг томилж байсан билээ.
Харин Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн томилогдсноор С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны есдүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр "2025 оны ЭМД-ын эхний жил үүсээд байсан 316 тэрбум төгрөгийг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад эхний найман сарын байдлаар, 142 тэрбум төгрөгийн өртэй болсон. Үүний цаана улсын эмнэлгүүд ААН-үүддээ 196 тэрбум төгрөгийн зардлын өртэй болсон. Үүнээс 130 тэрбум эмийн өр байна. Ингээд эмийн газрууд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдад уламжилж дараагийн хүнийг сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлнэ. Дараа нь тогтолцоог сайжруулах дээр анхаарлаа хандуулна" хэмээн мэдэгдэж, улмаар С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.
-С.ЭНХБОЛД АЖИЛДАА БУЦААН ТОМИЛОГДОЖ, АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИНГАА НӨХӨЖ АВАХААР ШҮҮХДЖЭЭ-
Тэгвэл С.Энхболд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн хэмээн үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандаж, улмаар уг маргаан Улсын Дээд шүүх хүртэл "явсан" ч тусыг эс олжээ. Тодотговол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан С.Энхболд нь "Эрүүл мэндийн сайдын 2025 оны есдүгээр сарын Б/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагч болох Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгах тухай" нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.
-"Ж.ЧИНБҮРЭН САЙДАД ЗГ-ААС ЭРХ ОЛГООГҮЙ БАЙХАД НАМАЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН"-
Энэ дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг үүсгэсэн бөгөөд С.Энхболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ "... миний бие төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2004-2019 онд Улсын төв эмнэлэгт эмч, төвийн даргаар, 2019-2021 онд Улсын төв эмнэлгийн захирал, онд Эрүүл мэндийн сайд, 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны долдугаар сар хүртэл Эрүүл мэндийн, 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны есдүгээр сарын өдөр хүртэл Эрүүл мэндийн даатгалын тус тус ажилласан. Миний бие Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын албан тушаалд томилогдсон. Эрүүл мэндийн даатгалын албан тушаал нь төрийн жинхэнэ алба бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд ТЗ-1 хамрагддаг. Гэтэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн 2025 оны есдүгээр сарын өдрийн Б/7 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэж буй байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэх хугацааг 2025 оны есдүгээр сарын өдрөөр дуусгавар болгосугай хэмээн С.Энхболд намайг ажил албан тушаалаас чөлөөлсөн. Миний бие нь дээрх Эрүүл мэндийн сайдын дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг огт үндэслээгүй.
Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг ажил албан үүргээс чөлөөлөх, дуусгавар болгох, ажлаас халах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй атал Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус хэмээн үзэж гомдолтой байна.
Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн дугаар хуралдааны тэмдэглэлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болгов гэснээс бус Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг чөлөөлөх, ажлаас халах эрхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд олгоогүй, байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл С.Энхболдыг тус газрын даргаар томилсон бөгөөд тус Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байхад намайг ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулиар төрийн алба ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг төрийн албаны зарчим алдагдсан. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хандсан боловч, тус зөвлөлөөс гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй талаар хариу өгсөн тул өөрийн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хянан үзэж Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын Б/7 дугаартай тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, тушаалыг хүчингүй болгон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ажилд С.Энхболд намайг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
-С.ЭНХБОЛДЫГ ЭМДЕГ-ЫН ДАРГААР ТҮР ТОМИЛСОН БАЙСАН ТУЛ ТҮҮНД СЭРГЭХ ЭРХ БАЙХГҮЙ ХЭМЭЭН ХАРИУЦАГЧ ТАЛ МАРГАЖЭЭ-
Харин хариуцагч болох Ж.Чинбүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд "С.Энхболдыг Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хууль тогтоомжид заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байсан. Тухайн түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон тушаал нь хууль тогтоомжийн зөрчилгүй бөгөөд нэхэмжлэгч иргэний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү" хэмээн маргасан байна.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд хамаарах "Тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна" хэмээн үзэж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхий хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээгээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэсэн ч С.Энхболд нь Улсын дээд шүүхэд хандсан ч тус шүүх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрлэсэн байна.
Товчхондоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан С.Энхболдыг хууль бусаар тус албан тушаалаас чөлөөлсөн Ж.Чинбүрэн сайдын тушаалыг хүчингүй болгож, С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргын албан тушаалд томилох боломжгүй хэмээн үзжээ.