Замын-Үүд дэх Гаалын газарт АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор нэр бүхий албан тушаалтнуудыг хойшлуулшгүйгээр баривчлаад байсан юм.
Тэгвэл АТГ-ын хойшлуулшгүйгээр баривчилсан нэр бүхий хүмүүсийн хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүхээс прокурорын тус саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Тодруулбал, АТГ-ын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Замын-Үүд дэх Гаалын газрын албан тушаалтан болох Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлаад байсан юм. Харин тэднийг баривчилсан хугацаа өчигдөр /2026.04.23/ орой дуусаж байсантай холбоотойгоор прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч шүүх прокурорын уг саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэхдээ АТГ-ын мөрдөгчдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байгаа аж.
Замын-Үүд дэх Гаалийн газарт АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгт "АТГ-аас 2026.04.21-ны өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн нийт гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байна.
Энэ гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн уг үйлдлийг хийсэн байж болзошгүй байна.
Өнөөдрийн байдлаар АТГ-ын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сумын Замын-Үүд дэх Гаалийн газарт гурав дахь өдрөө үргэлжлүүлэн шалгалтын ажил үргэлжилж байна. Улмаар 40 гаруй улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгжийн хамруулан мөрдөн шалгах, нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдийн холбогдуулан шалгаж, гурван этгээдийн яллагдагчаар татсан” гэдгийг тодотгож байсан юм