Монгол Улсад зөрчил гаргасан гадаадын иргэдийн 1506 нь Хятад, 252 нь Вьетнамын иргэн байна

Монгол Улсад зөрчил гаргасан гадаадын иргэдийн 1506 нь Хятад, 252 нь Вьетнамын иргэн байна

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ.

Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн  үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлуудыг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай. Бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд гадаад улсын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилон үйлдсэн байна.

Гадаад улсын иргэний урьж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж зөвшөөрөл аваагүй зөрчил их байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага нь урьж ирүүлсэн гадаад улсын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ. Зөрчил гаргасан гадаад улсын иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ын иргэд, 252 буюу 10.7 хувь нь Вьетнам Улсын иргэд байна. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд дээрх зөрчилд холбогджээ.