АТГ-аас Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар гурав дахь удаагаа шүүхэд ханджээ

АТГ-аас Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар гурав дахь удаагаа шүүхэд ханджээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч, шүүх түүний гомдлыг хүлээж аваагүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар гурав дахь удаагаа шүүхэд ханджээ. 

Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанл саад учруулахгүй байх үүднээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Харин тэрбээр энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулахаар өмнө нь хоёр ч удаа шүүхэд хандаад тусыг эс олсон байдаг. 

Гэсэн ч тэрбээр таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр гурав дахь удаагаа шүүхэд хандсан байна.

Тодруулбал, өмнө нь буюу дөрөвдүгээр сарын эхээр тэрбээр таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан ч шүүх түүний уг хүсэлтийг "хоригийг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй" хэмээн хүлээн авахаас татгалзсан байдаг. Харин тэрбээр шүүхийн энэхүү шийдвэрийг мөн л эс зөвшөөрч, дахин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. 

Ташрамд өгүүлэхэд, АТГ-аас Д.Амарбаясгалан нарт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дууссан бөгөөд хэргийн оролцогч нар 100 гаруй хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа гэх мэдээлэл бий.

Түүнтэй хамт МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах “Админерал” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг, "Моновант" ХХК-ийн "эзэн" Ц.Ламжав нарын хүмүүсийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан, хахууль авсан зэрэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.