“Дээрээс өгсөн чиглэл” гэх гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн Ж.Сүхбаатарыг “ногоон автобус”-ны хэргээр дахин шалгаж магадгүй байна

“Дээрээс өгсөн чиглэл” гэх гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн Ж.Сүхбаатарыг “ногоон автобус”-ны хэргээр дахин шалгаж магадгүй байна

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн, энэ сарын 20 /2026.04.20/-ны өдөр шийдвэрээ гаргасан билээ. Ингэхдээ А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт хорих ял оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. 

Харин Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгаж, Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн юм.

Мөн энэ хэрэгт хэлэлцэгдээгүй хуульд заасан шинэ нөхцөлд байдалд хамаарах үндэслэл, баримт нотолгоо илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэхүү тогтоолын Ж.Сүхбаатарт холбогдох хэсгийг дахин хянуулах эрхтэй гэдгийг Улсын Дээд шүүхийн шийдвэрт тодотгосон байна.

Түүнчлэн зарим гэрчүүдийн мэдүүлж буй “... дээрээс өгсөн чиглэл ...” гэх хэн нь тодорхойгүй нөхцөл байдлын талаар эзнийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэдгийг онцолжээ. Товчхондоо, "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдсон Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт холбогдох хэргийг прокурор дахин хянуулах боломжтой гэдгийг дурдсан байна. Улсын Дээд шүүхийн энэхүү заалтыг прокурор үндэслэн Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлж магадгүй байна. 

-Ж.СҮХБААТАР: НАМАЙГ ХЭРЭГТ ЯЛЛАЖ БАЙГААГ БИ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ-

Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар өмнө нь шүүх хурлын үеэр "Сүүлийн нэг жил гурван сарын хугацаанд үг хэлэх боломжгүй байлаа. Өнөөдөр үгээ хэлэх боломжтой болж байна. Би сайдын хувьд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд холбогдохгүй гэдгээ хэлж байсан. Харин Ч.Хүрэлбаатар сайд "Та л нийтийн тээврийн шинэчлэлийн мөнгийг өөр дээрээ авахгүй бол гишүүд аваад тойрогтоо зарцуулна. Бас хотын мэдэлд очвол замхарна" гээд төсвийг нь над дээр тавьсан. Түүнээс би хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд оролцохыг хүсээгүй" гэлээ.

Мөн тэрбээр "Ногоон автобус"-ны хэрэгт 77 тэрбум төгрөгийн хохирол ярьдаг. Гэтэл эдгээр хүмүүсээс үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ч хүн байхгүй. Намайг энэ хэрэгт яллаж байгааг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би харин ч Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдгийг тодотгож хэлмээр байна" хэмээж байсан юм. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө