Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү, "ДУБ" ХХК-ийн захирал Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Д.Нямхүү нь Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр “ДУБ” ХХК-ийн захирал Д.Бархүүтэй гэрээ байгуулж, 2006 онд үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн оношилгооны зориулалттай аппарат болох компьютер томографыг 400 сая төгрөгөөр худалдан авч, “ДУБ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. Уг хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.