Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллажээ. ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн өгсөн мэдээллээр тус төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг.
Эдгээр дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байдгийг алба хаагчид онцолж байна. Тус төвийн албан хаагчид бүтэц орон тоо дутуу, ачаалалтай ажиллаж байгааг хэллээ. Засгийн газрын тогтоолын дагуу яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Улсын хэмжээнд яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, албан хаагчдад 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлээр;
- Дуудлага хүлээн авах хурд, шуурхай байдлыг нэмэгдүүлэх
- Операторуудын ур чадвар, ёс зүйг сайжруулах
- Мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх
- Иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод үйлчилгээ үзүүлэх
- Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж, дата анализ хийн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг анхааруулжээ.