Монголчуудын нийтээр тэмдэглэдэг баяр, тэмдэглэлт өдрүүдийг "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-аар зохицуулдаг. Тус хуульд Үндэсний их баяр наадам, Цагаан сар, Шинэ жил зэрэг нийтээр амарч тэмдэглэдэг баярууд болон Үндсэн хуулийн өдөр, Монгол цэргийн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг ялган тодорхойлсон байдаг.
Гэвч Монголын уламжлалт соёл, мал аж ахуй, язгуур урлагийг илэрхийлэх зарим чухал бэлгэдэл энэ хуульд тусгагдаагүй хэвээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Д.Жаргалсайхан, Б.Найдалаа, У.Отгонбаяр, О.Саранчулуун, М.Сарнай, Р.Сэддорж, Л.Энхнасан нар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг санаачилжээ.
Тус хуулийн төсөлд, жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Монгол тэмээний өдөр”, зургадугаар сарын 7-ныг “Морин хуурын өдөр” болгон тэмдэглэхээр тусгах санал дэвшүүлсэн байна.
- ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТАНИХ МЭДЭХҮЙД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ -
Монголын хос бөхт тэмээг дэлхий нийт “Монгол тэмээ” хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхийн нийт хос бөхт тэмээний дөрөвний нэг орчим нь Монгол Улсад байдаг. Сүүлийн жилүүдэд тэмээн сүргийн тоо толгой өссөн нь салбарын бодлого, малчдын хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна. Иймээс тэмээтэй холбоотой уламжлал, эдийн засгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай өдөртэй болох шаардлагатай гэж хууль санаачлагчид онцолжээ. Ингээд өвлийн улиралд буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр” болгон тэмдэглэх нь тэмээтэй холбоотой уламжлалт мэдлэг, соёлыг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээсэн байна.
Харин морин хуур нь XIII–XIV зуунаас улбаатай, монголчуудын язгуур хөгжмийн зэмсэг бөгөөд 2008 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүнийг сурталчлах, өвлүүлэх хүрээнд тусгай өдөр бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар соёлын өвийг хамгаалах төрийн бодлого бодитоор хэрэгжих, иргэдийн үндэсний бахархал нэмэгдэх, хүүхэд залуучуудын танин мэдэхүйд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа юм. Зургаадугаар сарын 7- ны өдрийг сонгосон нь үндэсний томоохон баяруудтай давхцахгүй, зуны аялал жуулчлалын улирал эхэлж буй үе тул “Морин хуурын өдөр”-ийг тэмдэглэхэд зохимжтой хэмээн үзсэн аж.
- ТЭМЭЭ БОЛОН МОРИН ХУУРТАЙ ХОЛБООТОЙ АРГА ХЭМЖЭЭ ТОГТМОЛЖСОНООР ЖУУЛЧДЫН УРСГАЛ НЭМЭГДЭХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ -
Мөн эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлал, гар урлал, уран бүтээл, үйлчилгээний салбарт шинэ боломж нээгдэнэ гэж тооцжээ. Тухайлбал, тэмээ болон морин хууртай холбоотой үзэсгэлэн, наадам, арга хэмжээнүүд тогтмолжсоноор орон нутгийн орлого нэмэгдэх, жуулчдын урсгал нэмэгдэх нөхцөл бүрдэх аж. Ингэснээр Монгол Улс соёлын өв, уламжлалаа зөвхөн хадгалах төдийгүй эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ гарц нээх боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн байна.