БАРИМТ: Манай улсын БНСУ-тай хамтран байгуулсан "Далайн тээврийн компани" байгуулагдаад үйл ажиллагаа явуулаагүй, оруулсан хөрөнгө нь "сураггүй" болжээ

БАРИМТ: Манай улсын БНСУ-тай хамтран байгуулсан "Далайн тээврийн компани" байгуулагдаад үйл ажиллагаа явуулаагүй, оруулсан хөрөнгө нь "сураггүй" болжээ

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч улсад экспортлох зорилгоор 2015 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулж байжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 11-ний өдрийн "Бүгд найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компанитай хамтран далайн тээвэр хийх хуулийн этгээд байгуулах тухай" 180 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Далайн захиргаа, Бүгд найрамдах Солонгос улсын "Саммок шиппинг" ХХК-ийн хороонд далайн тээврийн хамтарсан компани байгуулах гэрээг байгуулсан байдаг аж. Улмаар 2015 оны долдугаар сарын 08-ны өдөр Сөүл хотод “Монгол Саммок Ложистикс” ХХК-ийг  байгуулжээ. Ингэхдээ гэрээний дагуу компанийн хувьцааг талууд 50:50 хувиар эзэмшиж, 100.1 сая вон буюу 100,000.00 ам.долларын хөрөнгө оруулсан байна.

Гэтэл тус хамтарсан компани нь байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгө нь дундын дансанд байршиж байгаа гэх боловч нотлох боломжгүй, тус хөрөнгө оруулалтаас үр өгөөж хүртээгүй болох нь аудитын байгууллагын шалгалтаар илэрчээ.  

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.1-т “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах;”, 67 дугаар зүйлийн 1-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна.” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үнэн зөв байх”, 20.2.4-т “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;” гэж заасантай тус тус нийцэхгүй байгаа тул Үндэсний аудитын газраас "Урт хугацаат хөрөнгө оруулалтын талаар холбогдох арга хэмжээг авч, хөрөнгө оруулалтын үр өгөөж, ханшийн тэгшитгэлийг тооцож бүртгэх" зөвлөмж өгчээ. 

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй “Монгол Саммок Ложистикс” ХХК-ийг байгуулах эхлэл нь 2011 онд буюу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын үед тавигдаж байсан гэх мэдээлэл байна. 

Тодотговол, 2011 онд Зам, тээвэр, барилга хот, байгуулалтын яам болон БНСУ-ын Газар, тээвэр, далайн хэргийн яамны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг,  2012 онд Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК-ийн хооронд далайн тээврийн хамтарсан компанийг байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг, 2015 онд Монгол Улсын Зам тээврийн яам болон БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг тус тус байгуулсны үндсэн дээр “Монгол-Саммок Ложистикс” ХХК-ийг байгуулсан түүхтэй аж. 

Ингэхдээ тус компанийг: 

  • Далайн тээврийн салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Далайд гарах гарцыг нэмэгдүүлэх
  • Далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох
  • Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортолж дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулах үйл ажиллагааг баталгаажуулах
  • Монгол Улсын далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх;
  • Далайн нөөц баялгийг ашиглах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх боломжийг нээлттэй болгох зорилгоор байгуулж байсан аж. 

Гэвч тухайн компани нь байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаа явуулаагүй төдийгүй, оруулсан хөрөнгө оруулалт нь ч хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг алдараад байгаа юм байна. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө