УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд таван өдрийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.
Ингэхдээ, шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Харин З.Энхболд нарт холбогдох хэргийг өмнө нь шүүхээс хэлэлцээд түүнд 40 сая төгрөгийг торгох ял оноож, улмаар уг хэргийг шүүх дахин хэлэлцээд цагаатгаж байсан удаатай.
Гэвч анхан шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцэхдээ З.Энхболд нарт хоёр жилийн хорих ял оноосон нь өдгөө олны анхаарлыг татаж, түүнд хорих ял оноосон нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой байж магадгүй гэх хардлагыг төрүүлж эхэлжээ. Тухайлбал, энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Женко өөрийг нь дахин сонгох боломжийг хаасан гээд өөрийнхөө шүүхээр З.Энхболд даргад ял өгүүлэв. Женко өөрөө өчнөөн хэрэг хийсэн боловч өөрийнхөө шүүхээр хамгаалуулаад яах ч үгүй байгаа биз. Бод бод" хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ.
Учрыг ухвал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд "хулгайлсан" гэгддэг.
Тодотговол, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх саналыг оруулж ирж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр "Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг. Гэтэл хуучин Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь зохимжгүй болохоор 2021 он болгох нь зөв. Гэхдээ техникийн хувьд хүндрэл гарна, үүнийг Ажлын хэсэг, байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй.
Тэгэхээр 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Тэгэхээр тэр өдрөөс мөрдөж болохгүй. Ядаж жил, хагас жилийн өмнө мөрдөж эхлүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа баталж, дараа нь оролцох хүмүүс нь бэлтгэлтэй байх үүднээс ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессоо явуулах хэрэгтэй. Тэр хооронд одоогийн ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг 2021 он хүртэл ажлаа хийж дуустал бололцоогоор хангаж өгөхийн тулд шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна, тэр дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс шалгараад хэн нэг нь Ерөнхийлөгч болсны дараагаас энэ хууль үйлчлээд эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг үйлчлэх хугацааг тавьж өгөхгүй бол болохгүй гэдэг байр суурьтай байна" хэмээн ярьж, улмаар уг саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хассан байдаг юм.
Товчхондоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон байдаг аж. Харин З.Энхболд нарт хорих ял оноосон шүүгч нар нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед томилогдож байсан гэдгээрээ магадгүй дээрх хардлагыг төрүүлж байх талтай аж.