БНХАУ-ын иргэд, Монгол Улсын иргэдтэй бүлэглэн өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарч байсан билээ.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд БНХАУ-ын иргэний амь насыг хөнөөсөн Хятад улсын хоёр иргэнд 25 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, харин Монгол Улсын иргэн А.Даянтөмөрт 18.3 жил, А.Тэнгист 17.3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид элүүлэх шийдвэрийг гаргасан байна.
-"МОНГОЛООС АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД НЬ ТУСАЛНА" ХЭМЭЭН АВЧИРЧ, НЭГ САЯ ЮАНЬ НЭХЭЖ, БАРЬЦААЛЖЭЭ-
Тодруулбал, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй Ханмин, Лиү Бөүвин, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны арванхоёрдугаар сарын 03-аас 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнийн 03:52 минутад амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван... хохирогч Зао нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс улсын дугаартай “Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн А0201 дугаартай асфальтан хучилттай замын ертөнцийн зүгээр зүүн талд байх газарт аваачиж, 1 сая юань өгөхийг шаардан "Өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна" хэмээн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,
Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван..гийн биед модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан халдан зодож түүний эрүүл мэндэд “...духны зүүн хэсэг, баруун, зүүн нүдний доод тал, зүүн нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн хацрын цус хуралт, баруун нүдний доод хэсэг, зүүн хацрын зулгаралт болон хүзүү, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирлыг,
Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Зао...-ийн биед модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан халдан зодож, түүний эрүүл мэндэд “...биед баруун 10-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, нуруу, ууц, хэвлий, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн, бугуй, баруун сарвуунд зулгаралт, баруун зүүн өгзөг, баруун зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар тус тус учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хоёр, түүнээс олон хүнийг буюу амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван.., хохирогч Зао.. нарыг “Land Cruiser 200” маркийн автомашинаар тээвэрлэн авч явахдаа “гэр бүлийнхэнтэйгээ яаралтай холбогдож, нэг сая юань эсхүл 500 мянган юань, 450 мянган юань, 350 мянган юанийг шилжүүлэн авч өг тэгвэл явуулна” гэх зэргээр эрхшээлдээ байлгаж, барьцаалсан,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао..-ийг “хүнийг алах гэмт хэргээ нуун далдлуулахад туслуулах, мөн 100 мянган юань шилжүүлэн өг тэгвэл явуулна” гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 43 минут хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр байрлах орон сууцанд аваачиж эрхшээлдээ байлгасан,
Мөн бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах газарт өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох, эд хөрөнгө авахаар заналхийлэх гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм-ийн калибртай Сайга загварын галт зэвсгийг ашиглан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван..-ийн цээжин тус газарт нь нэг удаа буудаж “...аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3-р нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх гэмтлийн улмаас гадуур болон дотуур цочмог цус алдалт” бүхий хүнд хохирол учруулан санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах: өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин нь хохирогч болох БНХАУ-ын иргэн Ван.. -тай Ви чатаар танилцаж, улмаар "Монгол Улсаас Америкийн виз мэдүүлэхэд нь тусална" хэмээн хуурч мэхлэн Монгол Улсад ирүүлээд, улмаар их хэмжээний мөнгө нэхэн дарамталж, эцэст нь амь насыг нь хөнөөсөн байна. Харин хохирогчтой хамт Хятадаас Монголд ирсэн БНХАУ-ын иргэн Зао-гоос мөн л их хэмжээний мөнгө нэхэж, түүний дэргэд амь хохирогчийг буудаж, хөнөөгөөд Улаанбаатар хотод авчирч, барьцаалсан байхад нь Монголын цагдаа нар шуурхай ажиллаж, тухайн Хятад иргэнийг эсэн мэнд аварч, дээрх хэргийг илрүүлж, шүүх ийнхүү шийдвэрлэсэн аж.