Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.
Хяналт шалгалтаар 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулахад нэр бүхий албан тушаалтнууд нь “Э” компанид зээлийн батлан даалт гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3-д заасныг зөрчсөн, түүнчлэн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 1 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 1 албан тушаалтанд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэжээ. “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг хянан шалгаж, санхүүгийн зөрчил болон дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллага, нэгжид шилжүүлэн, албан тушаалын сонгон шалгаруулалтыг тухай бүр хууль журмын дагуу зохион байгуулах талаар “Эрдэнэс Монгол” ХХК-д мэдэгдсэн гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.