Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Тэгвэл Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгааланбаатар нар НИТХ-аас гаргасан уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025.10.16 өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан талаар бид мэдэээлж байсан билээ.
Тэгвэл уг маргааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хуульч А.Базар мэдээлэл өгч, анхан шатны шүүхээс НИТХ-ын дээрх шийдвэрийг шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан талаар мэдэгдэв.
Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт Стадион, Театр барих НИТХ-ын шийдвэрийг шүүхийн маргаан дуустал түдгэлзүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргалаа. Шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхтэй. Өнөөдрийн захирамж нь эцсийн шийдвэр биш” хэмээн онцоллоо. Ингэснээр маргаантай байгаа төслийн хэрэгжилт шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл түр хугацаанд зогсох нөхцөл бүрдээд байна.