АН-ын бүлэг "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" хуулийн эцсийн хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авлаа

АН-ын бүлэг "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" хуулийн эцсийн хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан ч хойшлогдлоо.

Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг хуулийн төсөлд нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл  “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн нэртэй ч уг хуулийн төслийн агуулгад анхаарах шаардлагатай байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон өрийн хязгаарлалтыг тойрч гарах, улмаар Монгол Улсыг хоёр өөр төсөвтэй мэт байдалд хүргэх эрсдэлтэй зохицуулалтууд туссан. Тухайлбал, 3.5 тэрбум ам.долларын зээлийг улсын өрөнд тооцохгүй байх, орон нутгийн төсвийн хязгаарт оруулахгүй байх зэрэг зарчмын хувьд боломжгүй заалтууд яригдаж байна. Иймд илүү нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, нэг хоногийн завсарлага авч байна. Даваа гарагт бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгдэв.