Туркийн дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алджээ

Туркийн дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алджээ

Туркийн зүүн өмнөд нутагт орших дунд сургуульд лхагва гарагт 14 настай сурагч гал нээсний улмаас найман сурагч, нэг багш амиа алдаж, 13 хүн шархадсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ нь тус улсад сүүлийн хоёр хоногийн дотор сургуулийн хүүхдүүд рүү галт зэвсгээр халдсан хоёр дахь хэрэг юм. Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифчи сэтгүүлчдэд мэдээлснээр, Кахраманмараш мужид болсон уг халдлагын улмаас есөн хүн амиа алдсан ба шархадсан хүмүүсийн зургаагийнх нь биеийн байдал хүнд байна. “Энэ бол нэг сурагчийн үйлдсэн хувийн сэдэлтэй халдлага бөгөөд террорист ажиллагаа биш” гэж тэрбээр мэдэгджээ. Халдлага үйлдсэн сурагч хэргийн үеэр өөрийгөө буудаж амиа хорлосон болохыг Кахраманмараш мужийн захирагч Мукеррем Унлюэр хэлжээ. Түүний ярьснаар, наймдугаар ангийн сурагч хүү өмнө нь цагдаагийн ажилтан байсан аавынхаа таван буу, долоон сумны хайрцгийг цүнхэндээ нууж сургуульдаа иржээ. Улмаар тавдугаар ангийн хоёр анги руу дайран орж, нүдэндээ харагдсан хүүхдүүд рүү гал нээсэн байна. Турк улсад сургуулийн орчинд зэвсэгт халдлага үйлдэх нь маш ховор юм. Өмнө нь ердөө нэг хоногийн өмнө буюу мягмар гарагт Шанлыурфа мужийн нэгэн сургуульд өмнөх төгсөгч нь гал нээж, багш, сурагч нийлсэн 16 хүнийг шархдуулсныхаа дараа амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.