Изриал, Ливаны төлөөлөгчид хэлэлцээ хийжээ

Изриал, Ливаны төлөөлөгчид хэлэлцээ хийжээ

Израил, Ливаны төлөөлөгчид хэдэн арван жилийн дараа анх удаа шууд хэлэлцээ хийлээ. АНУ-д мягмар гарагт болсон уг уулзалтад Вашингтонд суугаа тус хоёр улсын Элчин сайд нар болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцсон байна.

Израилын Элчин сайд Йехиэль Лейтерийн хэлснээр, хоёр цаг үргэлжилсэн уулзалтын гол үр дүн нь талууд Ливанд “Хезболла” бүлэглэлийн нөлөөг арилгах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн явдал байв. “Өнөөдөр бид асуудлын нэг талд байгаагаа олж мэдлээ. Энэ бол бидний хувьд хүрч болох хамгийн нааштай үр дүн юм. Ливаныг Ираны хяналтад байдаг “Хезболла” хэмээх булаан эзлэгч хүчнээс ангид байлгах ёстой гэдэгт бид санал нэг байна” гэж тэрбээр хэлжээ. Израилын дипломатч Ливаны засгийн газрыг “Хезболла” бүлэглэлийн хэлэлцээнээс татгалзах уриалгад авталгүй оролцсоныг сайшаажээ. Үүнээс өмнө тус бүлэглэл уг уулзалтыг утгагүй хэмээн мэдэгдэж, хэлэлцээ хийхээс татгалзахыг Ливаны эрх баригчдаас шаардсан байна. “Ливаны засгийн газар цаашид "Хезболла"-д өөрийгөө эзэрхийлүүлэхгүй гэдгээ тодорхой илэрхийллээ” гэж Й.Лейтер нэмж хэлжээ. Уулзалтад Ливан улсыг төлөөлж АНУ-д суугаа Элчин сайд Нада Хамаде Моавад оролцсон байна. Энэ бол Ливан, Израилын төлөөлөгчдийн хооронд 1993 оноос хойш өндөр түвшинд хийсэн анхны шууд хэлэлцээ байв. Тус хоёр улс 1948 онд Израил улс байгуулагдсанаас хойш дайны байдалд байгаа юм. АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тус улсаас Ливанд суугаа Элчин сайд Мишель Исса, мөн НҮБ-д суугаа тусгай элч Майк Уолтц, Төрийн Департаментын зөвлөх Майкл Нидхэм нар оролцсон байна. Дараагийн уулзалтыг хараахан товлоогүй байгаа боловч мягмар гарагт буюу өчигдөр ярилцсан саналуудыг талууд засгийн газрууддаа уламжлах бөгөөд ойрын долоо хоногуудад Вашингтонд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж магадгүй гэж хэлэлцээнд оролцогчид мэдэгджээ.