Хүүхдийн хөлийн нум 10 насанд хэлбэршиж гүйцдэг бөгөөд, тэр болтол нумтай улавч, нумтай гутал өмссөнөөр урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Харин нумтай гутал зардаг зарим дэлгүүрүүд, мэргэжлийн мэс засалч эмчийн хийдэг оношилгоог тусгай аппаратны тусламжтайгаар хийж, бүтээгдэхүүн санал болгох тохиолдол гардаг. Тэгвэл бид ГГСҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согог мэс засалч П.Батнарантай дээрх асуудлын талаар ярилцлаа.
ВИДЕО:
- Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Яриагаа хүүхдийн хөлийн нум гэж юу вэ, нум хэлбэрших үйл явц хэрхэн явагддаг вэ гэсэн асуултаар эхлүүлье.
- Хавтгай тавхай бол орчин цагийн том сэдэв боллоо. Хөлийн улны булчингийн хөгжил сул, шагай болон тавхайн булчингийн холбоос тогтворгүй байснаас энэ төрлийн эмгэг үүсэх шалтгаан болдог юм. Хөлийн нум нярай үеэс хөгжиж эхлээд алхаж сурах хүртэл хэлбэршээгүй байдаг. Гурваас зургаан насанд хэлбэршиж эхлээд 10 нас хүртэл хөгжинө. 10 нас хүрсэн үед хүүхдийн тавхай хэлбэршсэн гэж үздэг бөгөөд энэ насанд хүрэхэд хүүхдийн нум бүрэн хөгжөөгүй байвал цаашдаа тулах цэгийн согог болоод явна гэсэн үг. Яагаад гэвэл бид гэртээ паркетан шалан дээр, гадаа гараад цементэн дээр, ажил, сургууль гээд хаана ч тэгш гадаргуу дээр алхаж байгаагаас үүдэн нумны хөгжил сулраад эхэлсэн. Хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад хот суурин газар амьдарч байгаа хүүхдүүдийн тавхайн хөгжил харьцангуй сул байгаа. Хөдөө байгальд тэгш бус гадаргуу дээр алхаж байгаа учраас хөлийн нум, туслах булчингуудын хөгжил сайн явагдаж байгаа хэрэг.
- Хавтгай ул үүсгэхгүй байх боломжтой юу?
- Боломжтой. Нум хөгжиж байгаа үеэс зөв гутлаа өмсөх юм бол хавтгай ул үүсэхгүй байх бүрэн боломжтой. Бид хүүхдүүддээ багаас нь нумтай улавч, нумтай гутал өмсгөж чадвал сэргийлж чадна. Нумтай улавч, нумтай гутал хэрэглэж байгаа олон эцэг эх бий. Гэхдээ хүүхэд гэртээ ороод хөл нүцгэн байхаар ямар ч нэмэргүй. Тэгэхээр нумтай улавч хэрэглэх гэж байгаа бол гадаа ч адилхан, гэртээ ч адилхан хэрэглэж байж, нум зөв хөгжихөд тусална. Нумтай улавч нум хөгжиж байгаа үед үүсгэлтэнд нөлөөлж болно, гэхдээ эмчилнэ гэсэн үг биш. Нэгэнт эмгэг үүсч, булчин, шөрмөсний суналт, ясны асуудал болсон бол заавал мэс заслын асуудал яригдана. Хавтгай улыг уян зөөлөн, хатуу гэж хоёр ангилдаг юм. Уян зөөлөн нь хүүхэд газар гишгээгүй байхад нумтай харагддаг хэрнээ, босоод тэгшхэн газар гишгэхэд нум нь дотогшоо орчихдог хэлбэр. Иймэрхүү тохиолдлууд нь нумтай улавчаар эмчлэгдэх боломжтой. Хатуу хэлбэр нь хэвийн үедээ ч өсгий гадагшаа болж, хөлийн улны багц шөрмөс суначихсан, шилбэний арын нумыг татаж өгч байдаг булчин сунасан, эсвэл булчингийн хөгжил нь хэт сул байгаатай холбоотойгоор үүсээд байгаа юм.
- Хөлийн нум буруу хөгжсөнөөс үүдэн цаашид ямар эрсдэл үүсч болох вэ?
- Хавтгай тавхайн илэрхий өөрчлөлт нь өсгий хэт гадагшаа байрлаад, гишгэхэд хэт дотогшоо болж эхэлнэ. Энэ нь цаашлаад удаан хугацааны ачааллын үед өвдөх, тавхай дотогшоо гишгэж буйтай холбогдуулах өвдөг сайруу болж эхэлнэ. Ингэх юм бол дандаа мэс заслын асуудлууд яригдаж эхэлнэ. Цаашлаад түнх, нуруунд муруйлт үүсэх гэх мэтээр согогууд үүсдэг.
- Нумтай гутал зардаг зарим дэлгүүрүүд аппаратаар хүүхдийн хөлийн нумыг оношлох тохиолдол нэлээдгүй гарч байгаа. Хөлийн нумыг ингэж мэргэжлийн бус хүмүүс оношлох боломжтой юу?
Хүүхдийн нумны хөгжлийг үнэлэх боломжтой хүмүүс бол хүүхдийн ортопед эмч нар буюу хүүхдийн согог мэс засалч эмч нар.
Эмч нар л хөлийн улыг үндсэн градусаар нь ангилж оношилдог. Аль талдаа хэдэн градус тавигдаж байна, араас нь харахад өсгий шагайны өнцөг яаж өөрчлөгдсөн байна гэдгээр нь заалтаа гаргадаг юм. Гэтэл үүнийг мэргэжлийн бус хүмүүс оношилж, шууд зөвлөх нь өрөөсгөл л байгаа юм. Дэлгүүрүүдэд оношилж байгаа асуудал бол хөлийн нум хэмждэг стандарт аппаратаар хэмжээд тавхай бүтэн гадаргуу дээр наалдаж байвал нумтай улавч зөвлөж байгаа байх. Бас хүүхэд бүрийн тавхайны онцлогт тааруулан улавч хийдэг газрууд ч байдаг юм билээ. Оношилгоог заавал мэргэжлийн эмч хийх ёстой ч аппаратаар оношилж байгаа дэлгүүрүүдийг буруутгаж бас болохгүй л дээ. Нумтай гутал өмсвөл ирээдүйд үүсэх эрсдлээс ямар нэгэн хэмжээгээр урьдчилан сэргийлж л байгаа.
- Хөлийн ул хавтгайрч байгаа үзэгдэл хүүхэд бүрт тохиолдох эрсдэлтэй юу?
- Ерөнхийдөө ул хавтгайрах нь ихсээд байгаа, гэхдээ бүх хүүхэд биш. Спортоор хичээллэдэг хүүхдүүдийн нумны үүсэлт илүү сайн байдаг. Учир нь спортоор хичээллэснээр биеийн булчингууд жигд хөгжиж, булчин шөрмөс нь суларч сунаснаар биеийн бүтэц нь зөв болдог. Бас нэг асуудал нь хүүхдийн жин. Сүүлийн үед хүүхдүүд их таргалалттай болсон. Хөлийн улан дээр их жингээр дараад байхаар ул хавтгайрах үйл явцад маш их нөлөөлж байгаа.
Тэгэхээр дүгнээд хэлбэл хөлийн ул хавтгайрахаас сэргийлэхийн тулд нэгдүгээрт, спортоор хичээллэнэ. Хоёрдугаарт, жингээ барина. Гуравдугаарт, нумтай улавч хэрэглэх эсвэл байгальд алхах хэрэгтэй.
- ГССҮТ-өөс энэ асуудлын эсрэг ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа вэ?
- Мэдээж үзлэг зөвлөгөө, мэс засал гээд өдөр тутмын ажлаа хийнэ. Үүний зэрэгцээ POSM буюу Монголын хүүхдийн гэмтэл согог судлалын нийгэмлэг ТББ-аар дамжуулан мэдээлэл зөвлөгөө хүргэх үйл ажиллагаа явуулж байна.
- Ярилцсанд баярлалаа.