Унгарын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Пэтер Мажар өмнөх эрх баригчдыг “улсыг тонож, дампууруулсан” хэмээн буруутгаж, хариуцлага тооцохоо зарлалаа.
Түүний тэргүүлсэн Тисза нам парламентын үнэмлэхүй олонхыг авч, 16 жилийн турш засгийн эрх барьсан Виктор Орбаныг ялснаар Унгарт системийн хэмжээний өөрчлөлт эхэлж буйг ажиглагчид онцолж байна.
“Ард түмэн зүгээр нэг засгийн газрын солигдлыг бус, бүхэл бүтэн дэглэмийн өөрчлөлтийг сонгосон” хэмээн Мажар мэдэгджээ.
Түүнчлэн шинэ засгийн газар авлигын эсрэг шуурхай арга хэмжээ авч, улс төр, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг шалгах тусгай байгууллага байгуулахаа зарласан байна. Мөн шүүхийн хараат бус байдлыг сэргээж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах нь нэн тэргүүний зорилт болохыг онцоллоо. Үүний зэрэгцээ Европын холбоотой харилцаагаа сэргээж, царцаагдсан санхүүжилтийг авахын тулд Европын нийтийн прокурорын байгууллагад нэгдэхээр төлөвлөж буйгаа илэрхийлэв. Европын удирдагчид түүний ялалтыг “Европ руу буцаж буй дохио” хэмээн эерэгээр үнэлжээ.
Мажар мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд нэг хүн хамгийн ихдээ хоёр удаа ажиллах хязгаар тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь Виктор Орбаны улс төрд эргэн ирэх боломжийг хааж болзошгүй байна. Түүнчлэн төрийн телевиз, радиог “суртал ухуулгын хэрэгсэл” болсон гэж үзэж, хараат бус байдлыг нь хангах хүртэл түр зогсоох хүртэл хатуу байр суурь илэрхийллээ. “Унгар улс дахин хариуцлагагүй орон байхгүй. Улсаас хулгай хийсэн хэн ч байсан хариуцлага хүлээнэ” гэж тэр онцлон хэлсэн нь шинэ засгийн бодлогын чиглэлийг тодорхойлж байна.