Ормузын хоолойг хаах мэдэгдлийн дараа Ираны дарга "4-5 долларын бензинийг санагалзах болно” гэж ёжилжээ

Ормузын хоолойг хаах мэдэгдлийн дараа Ираны дарга "4-5 долларын бензинийг санагалзах болно” гэж ёжилжээ

АНУ-ын Тэнгисийн цэрэг Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа Ираны талаас хэд хэдэн хариу мэдэгдэл хийсэн байна.

Тодруулбал,  хамгийн сүүлд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Пакистанд болсон энхийн хэлэлцээний үеэр АНУ, Иран хоёр “хэлэлцээрт хүрэхэд тун ойрхон байсан” гэж мэдэгдсэн ч Тегеран “хэт шаардлага тавих, нөхцлөө байнга өөрчлөх, бүслэлт” зэрэгтэй тулгарсан гэж онцолжээ. Мөн Пакистанд болсон хэлэлцээг ахалсан Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф АНУ-ын шийдвэрийг ёжлон X сүлжээнд бичихдээ “Одоогийн шатахууны үнийг сайхан эдэлж ав. Энэ бүслэлтийн дараа та нар удахгүй 4-5 долларын бензинийг санагалзах болно” гэжээ. 

Өмнө нь Ираны хэвлэлүүдээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Мохаммед Багер Галибаф “Иран ямар ч дарамт шахалтад бууж өгөхгүй” хэмээн онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойгоор нэвтрэх, гарах бүх хөлөг онгоцыг бүслэн хаана гэж мэдэгдсэний хариуд Ираны тэнгисийн цэргийн хүчнээс уг бүсэд ойртсон аливаа цэргийн хөлөг онгоцонд “хатуу хариу арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC