Унгарын Ерөнхий сайд В.Орбаны 16 жилийн засаглал нуран унаж, сонгуульд хүнд ялагдал хүлээлээ

Унгарын Ерөнхий сайд В.Орбаны 16 жилийн засаглал нуран унаж, сонгуульд хүнд ялагдал хүлээлээ

Өчигдөр /2026.04.12/ болсон Унгарын парламентын сонгуулиар тус улсын Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн ноёрхол төгсгөл болж, Вашингтоноос Москва хүртэл улс төрийн доргилт үүсгэх томоохон өөрчлөлт болж байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

Учир нь Европын Холбооны хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг, мөн Д.Трамп болон В.Путинтай ойр харилцаатай Унгарын Ерөнхий сайд В.Орбан энэ удаагийн сонгуульд ялагдсан байна. Сонирхолтой нь, сонгогчдын ирц энэ удаа Унгарын ардчиллын түүхэнд хамгийн өндөр байжээ. Ингээд бараг бүх саналыг хуудас тоологдсоны дараа В.Орбаны өрсөлдөгч Пэтер Мажар 199 суудлын 138 суудлыг авах төлөвтэй байгаа бол В.Орбаны нам ердөө 55 суудал авах нь тодорхой болоод байгаа аж. 

Иймээс В.Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрч, “Ямар ч үр дүн гарсан бай, бид эх орон, Унгарын ард түмэндээ сөрөг хүчний байр сууринаас үйлчлэх болно” гэж мэдэгдсэн бол ялалтын баяраа тэмдэглэж буй П.Мажар Унгарын тугийг Дунай мөрний эрэг дээр мандуулж, “Бид хамтдаа Унгарыг чөлөөллөө” гэж хэлжээ.

Тэрээр “энэ дэглэм дууссан” хэмээн мэдэгдэж, Унгар улс дахин Европын Холбоо болон НАТО-гийн хүчтэй холбоотон болно гэж амласан байна. Мөн төрийн байгууллагуудыг цэвэрлэх зорилгоор Дээд шүүх, Шүүхийн зөвлөл, Төрийн аудит, Өрсөлдөөний газар, Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудыг огцрохыг уриалжээ. Мөн тэрээр "Өнөөдөр унгарчууд Европыг сонголоо, тэд эрх чөлөөт Унгарыг сонголоо” гэжээ. 

Тэрээр анхны гадаад айлчлалаа Польш, Австри, Брюссельд хийж, Унгарт олгох ёстой Европын Холбооны санхүүжилтийг эргүүлэн авах болно гэжээ. Энэ нь В.Орбаны ардчиллын ухралтаас үүдэн царцаагдсан олон тэрбум еврог хэлж байгаа аж.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө