Д.Трамп: Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг эхлүүлнэ

Д.Трамп: Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг эхлүүлнэ

Өнгөрөгч долоо хоног /2026.04.08/-т АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд явуулж буй цэргийн ажиллагаагаа хоёр долоо хоног зогсоож буй талаараа мэдэгдсэн. Тэрээр "Иран улс Ормузын хоолойг Бүрэн, нэн даруй , аюулгүй нээхийг зөвшөөрөх нөхцөлд, би Ираны эсрэг бөмбөгдөлт болон дайралтыг хоёр долоо хоногийн хугацаанд түр зогсоохыг зөвшөөрч байна" гэж мэдэгдсэн юм. Түүний энэхүү мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж эхэлсэн юм. 

Тэгвэл өчигдөр /2026.04.12/ орой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ормузын хоолойг бүслэн хаах цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Түүний энэхүү мэдэгдлийг эх сурвалжууд, "АНУ, Ираны хэлэлцээр амжилтад хүрээгүй" хэмээн тайлбарлаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, "Ингээд та бүхэнд тодорхой боллоо. Уулзалт амжилттай болсон, ихэнх асуудлаар тохиролцсон. Гэвч хамгийн чухал асуудал болох ЦӨМИЙН асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Үүний улмаас дэлхийн хамгийн шилдэг АНУ-ын Тэнгисийн цэрэг даруй арга хэмжээ авч, Ормузын хоолойгоор нэвтрэх эсвэл гарах бүх хөлөг онгоцыг БҮСЛЭН ХААХ ажиллагааг эхлүүлнэ.

Хэзээ нэгэн цагт “БҮГД НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ, БҮГД ГАРАХ БОЛОМЖТОЙ” нөхцөлд хүрэх боловч Иран улс “хаа нэгтээ мина байж магадгүй” гэх тодорхой бус шалтаг хэлж, үүнийг зөвшөөрөхгүй байна. Энэ бол ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ДАРАМТ юм. АНУ болон бусад улсын удирдагчид ийм дарамтад хэзээ ч бууж өгөхгүй.

Мөн би Тэнгисийн цэрэгтээ олон улсын усанд Иранд төлбөр төлсөн аливаа хөлгийг илрүүлж, саатуулах үүрэг өгсөн. Хууль бус татвар төлсөн хэн ч далайд аюулгүй зорчихгүй.

Мөн бид Ираны тавьсан минуудыг устгаж эхэлнэ. Хэрэв Иран манайх руу, эсвэл энгийн хөлөг онгоц руу гал нээвэл ТЭДНИЙГ БҮРЭН СҮЙРТЭЛ ЦОХИНО. Иран улс энэ нөхцөл байдлыг хэрхэн дуусгахыг хэнээс ч илүү сайн мэднэ. Энэ байдал аль хэдийн тэдний улсыг сүйрэлд хүргэсэн. Тэдний Тэнгисийн цэрэг үгүй болсон, Агаарын хүчин нь устсан, тэдний нисэх онгоц, радарууд хэрэгцээгүй болсон. Хомейни болон тэдний ихэнх “удирдагчид” үхсэн. Бүгд цөмийн амбицаасаа болсон.

Бүслэлт удахгүй эхэлнэ. Бусад орнууд ч энэ ажиллагаанд оролцоно. Иран улс энэ хууль бус дарамт, шантаажаас ашиг олохыг зөвшөөрөхгүй. Тэд мөнгө хүсэж байна, цаашлаад илүү аюултай нь цөмийн зэвсэг хүсэж байна. Мөн тохиромжтой цагт бид “БҮРЭН БЭЛЭН БАЙДАЛД” орж, манай зэвсэгт хүчин Иранаас үлдсэн өчүүхэн хэсгийг дуусгана. Ерөнхийлөгч ДОНАЛД Ж. ТРАМП" гэжээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө