АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп мэдэгдэл хийж Жеффри Эпштэйнтэй холбоотой бүх мэдээллийг няцаалаа

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп мэдэгдэл хийж Жеффри Эпштэйнтэй холбоотой бүх мэдээллийг няцаалаа

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдлээрээ өөрийг нь  Жеффри Эпштэйнтэй холбосон бүх мэдээллийг няцааж, “худал гүтгэлгийг зогсоох”-ыг уриаллаа.

Тэрээр Эпштэйнтэй ямар нэгэн харилцаа байгаагүй, мөн түүний хохирогч биш гэдгээ онцлон мэдэгдсэн байна. Мөн өөрийг нь нөхөр Д.Трамптай танилцуулахад Эпштэйн оролцоогүй хэмээн тайлбарлажээ. Меланиа Трампын хэлснээр, тэрээр Дональд Трамптай 1998 онд Нью-Йорк хотод болсон нэгэн арга хэмжээн дээр танилцсан бөгөөд Эпштэйнтэй анх 2000 онд, нөхөртэйгээ хамт оролцсон өөр нэг арга хэмжээн дээр таарч байжээ. Тухайн үед Эпштэйний гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэж тэр мэдэгдсэн байна. 

“Намайг Жеффри Эпштэйнтэй холбосон худал мэдээллүүд өнөөдрөөр дуусах ёстой. Би түүний хохирогч биш” хэмээн Меланиа Трамп мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ.

Түүнчлэн АНУ-ын Конгрессыг Эпштэйний хохирогчдод зориулсан нээлттэй сонсгол зохион байгуулж, тангараг дор мэдүүлэг өгөх боломж олгохыг уриалсан байна.

Энэхүү мэдэгдэл нь Тэргүүн хатагтай ийм төрлийн маргаантай асуудлаар олон нийтэд шууд хандан байр сууриа илэрхийлсэн ховор тохиолдол болж байгаа бөгөөд Эпштэйний хэрэг дахин анхаарлын төвд ороод байна. Өмнө нь ил болсон баримтууд дунд Меланиа Трамп 2002 онд Гислейн Максвеллд илгээсэн цахим захидал багтсан бөгөөд тэр үүнийг “ердийн, ач холбогдол багатай харилцаа” хэмээн тайлбарласан байна.