Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр /2026.03.24/ тохиож буй. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас хэвлэлийн хурал хийлээ.
Уг хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Сүрьеэ өвчин дэлхий даяар нас баралтыг тэргүүлэх шалтгаануудын нэг байсаар байна. 2024 онд сүрьеэгийн улмаас дэлхийд 10 сая хүн өвчилж, 1.2 сая хүн амь насаа алдсан тохиолдол байна. Харин 2025 оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас барсан харамсалтай тохиолдол байна. Сүрьеэгийн эсрэг гол түлхүүр нь эрт илрүүлэг, шуурхай оношилгоо, бүрэн эмчилгээ юм. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал бид сүрьеэг дийлэхэд тийм ч хол биш. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 45 ам.долларын өгөөж бий болдог. Энэ нь олон нийтийг хамарсан өвчнийг хянах нь ямар чухал вэ гэдгийг харуулж байна” гэлээ.