Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулсаар буй Сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний ач холбогдлыг онцлон сануулах зорилготой юм.
2025 оны байдлаар Монгол Улсад нийт 2,851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 182 хүн уг өвчний улмаас нас барсан байна. Батлагдсан нийт тохиолдлын 165 нь хүүхдийн сүрьеэ, харин 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол байгаагаар онцлог байна. Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэйчүүд, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл илүү өндөр байгааг харуулж байна. Сүрьеэгийн тархалтыг байршлаар нь авч үзвэл 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна.
Эмчилгээний үр дүнгийн тухайд халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилт 78.4 хувь байгаа бол олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт 65.3 хувьтай байна. Энэ нь эмчилгээний чанар, хүртээмжийг цаашид сайжруулах шаардлага байгааг харуулж буй үзүүлэлт юм.