Сүүлийн үед цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүдийн холбогдсон зодооны бичлэгүүд цацагдах болсон.
Энэ ч утгаараа үе тэнгийн дээрэлхэлт, өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, ёс зүйн асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг хэлэх хүн олон байна. Нөгөөтээгүүр, өсвөр насны хүүхдүүдийн холбогдсон хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг тодотгож байгаа юм. Тэгвэл цахим орчинд цацагдаж олны анхаарал татсан зарим хэргүүд хэрхэн шийдэгдэв гэдгийг зарим эх сурвалжаас тодрууллаа.
Өнгөрсөн оны сүүлчээр Алтай хотхоны дугаар тоот орон сууцны орцонд хоёр эмэгтэй хүүхэд, нэг охиныг ёс бус үгээр хэлж, биед нь халдаж буй бичлэг цацагдсан. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орон сууцны орцонд О гэх 17 настай эмэгтэйг Ц гэх 16 настай эмэгтэй, 17 настай Э гэх эмэгтэй нар ёс бус үгээр доромжилж, бие, эрх чөлөөнд нь халдсан байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн охид нь фейсбүүк хаягаар танилцсан байсан бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас ийнхүү халдаж, уг үйл явдлаа гар утсаараа бичлэг хийж баримтжуулсан байжээ. Өдгөө уг хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин тухайн хэрэгт холбогдсон Ц, Э нар нь хөдөө орон нутагт байх гэр орноосоо дайжин, Улаанбаатар хотод ирж амьдарч байхдаа ийнхүү дээрх хэргийг үйлдсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.