УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдан, зодолдсон гэх хэрэгт холбогдсон юм.
Хэрэв шүүхээс П.Сайнзоригийг гэм буруутайд тооцвол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн дагуу торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оноох юм. Тус зүйл ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэгээс гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Харин уг заалт нь бодит амьдралд хэр нийцэж байгаа талаар хуульчид удаа дараа шүүмжилж ирсэн. Хуульч Б.Батхүүгийн хэлснээр, Эрүүгийн хуулийн 11.6 дахь заалт нь ахуйн маргаан, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гардаг шүргэлцээн, барилцаж авах зэрэг жижиг зөрчилд ч шууд эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдүүлдэг байна. Статистик мэдээллээс үзвэл Монгол Улсад жилд бүртгэгддэг 30 гаруй мянган гэмт хэргийн 25-30 хувийг хүний биед хөнгөн хохирол учруулах төрлийн хэрэг эзэлдэг аж. 2015 оноос өмнө ийм төрлийн хэргийг талууд эвлэрч, гомдлоо татсанаар хаах боломжтой байсан бол одоогийн хуулиар заавал шүүхээр орж шийдвэрлэгдэх болжээ. Үүний улмаас ахуйн маргаанаас үүдсэн хэрэгт олон хүн эрүүгийн ял шийтгэл хүлээж байна.
Иймээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг амьдралд илүү нийцүүлэх, талууд эвлэрсэн тохиолдолд хэргийг хаах боломжийг сэргээх талаар хуульчид болон хууль сахиулагчид удаа дараа санал гаргасан ч бодит өөрчлөлт хийгдээгүй хэвээр байна. Харин хууль тогтоогч өөрөө ийм хэрэгт холбогдсон нь дээрх заалтыг амьдралд нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг дахин харах болов уу гэсэн найдварыг төрүүлээд байна.