Глауком буюу нүдний даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдэвт хэвлэлийн хурал болж, эмч, мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Уранчимэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий даяар 7.7 сая хүн глауком өвчний улмаас хараагүй болсон байна. Глауком нь харааны мэдрэлийг гэмтээдэг бүлэг өвчин бөгөөд харааны мэдрэлд эргэж нөхөгдөшгүй өөрчлөлт үүссэнээр хүн хараагаа алдах эрсдэлтэй. Тиймээс 40-өөс дээш насны иргэд жилд нэгээс хоёр удаа нүдний даралт болон харааны талбайгаа шалгуулж байх шаардлагатай. Мөн Монгол Улсад 50-аас дээш насны хүн амыг хамруулсан үндэсний хэмжээний судалгаагаар нийт сохролын 20 хувийг глауком өвчин эзэлж байгаа нь тогтоогдоод байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд эмнэлгүүдэд орчин үеийн техник, тоног төхөөрөмж нэвтэрснээр уг өвчнийг эрт оношлох, эмчлэх боломж нэмэгдсэнийг онцолж, иргэдийг тогтмол үзлэгт хамрагдахыг уриаллаа.
Глауком өвчин эхэн болон дунд шатандаа тодорхой шинж тэмдэггүй байх нь элбэг бөгөөд хожуу үедээ илүү тод илэрдэг байна. Тухайлбал хараа бүрэлзэх, нүд улайх, гэрлийн эх үүсвэр рүү харахад солонгон хүрээ татах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Харин хурц хэлбэрийн үед гэнэт хараа муудах, толгой өвдөх, нүд орчмоор хүчтэй өвдөх, бөөлжих зэрэг шинж илэрдэг. Иймд иргэд нүдний даралт ихсэх болон хараанд өөрчлөлт мэдрэгдсэн тохиолдолд яаралтай эмчид хандаж, тогтмол хяналт, үзлэгт хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Б.АНУ