Монгол Улсын хэмжээнд 2026 он гарснаас хойш менингококкт халдварын батлагдсан таван тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд нас барсан байна. Мөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Батлагдсан тохиолдлуудын хоёр нь Улаанбаатар хотод, үлдсэн гурав нь Дархан-Уул, Ховд, Увс аймгуудад бүртгэгдэж, нийслэлээс нэг сэжигтэй тохиолдол илэрчээ. Менингококкт халдвараар 6 сартайгаас 10 насны хүүхдүүд өвчилсөн бөгөөд нийт тохиолдлын 66.7 хувь нь тав хүртэлх насныхан байна.
Сүүлийн зургаан жилийн судалгаагаар нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт өвчлөлийн түвшин бусад аймагтай харьцуулахад өндөр байгаа аж. Нийслэлийн дүүргүүдээс Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өвчлөл харьцангуй өндөр байна.
Хаврын улиралд менингококкт халдварын идэвхжил нэмэгдэх эрсдэлтэй үе тул цаашид тохиолдлын тоо өсөх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа. Өвчлөл ихэвчлэн арванхоёрдугаар сараас зургадугаар сарын хооронд нэмэгдэж, нийт тохиолдлын 80–90 хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг байна. Иргэд хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын кабинетэд менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах боломжтойг албаныхан мэдээллээ.