Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл энэ оны хоёрдугаар сарын 26-нд олон нийтэд хандан мэдээлэл хийж, эмнэлгийн удирдлага ойр ойрхон солигдож буй нь тусламж үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн хэвийн ажиллагаанд нөлөөлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Гэтэл уг хурлын маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр УНТЭ-ийн зүгээс тус хуралд оролцсон эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайхан, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдог нарыг хэвлэлийн бага хурал зохион байгуулж,олон нийтэд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл бид энэ удаа УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн захирлын албанаас чөлөөлөгдөөд буй Анагаах ухааны доктор М.Адилсайхантай ярилцлаа.
ВИДЕО:
-Эм, тарианы хангамж тасарснаас болоод ар гэрээс нь эм тариа авч өгөхийг хүртэл хүсдэг-
Та энэ оны хоёрдугаар сарын 26-нд УНТЭ-ийн эмч, ажилчдын төлөөлөлүүдтэй хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Энэ үеэр дарга нар ойр ойрхон солигдож байгаагаас шалтгаалан эм хангамж тасалдсан гэдгийн мэдэгдсэн. Тэгвэл нэгдүгээр эмнэлгийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа вэ?
Бидний хэвлэлийн бага хурал хийх үндсэн шалтгаан бол УНТЭ-ийн удирдлагын үйл ажиллагааны хямралтай холбоотойгоор эмнэлгийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ аюулгүй явагдах нөхцөл алдагдсан. Эдгээр асуудлыг олон нийтэд мэдэгдэхийн тулд хэвлэлийн бага хурал хийсэн. Удирдлага солигдох хугацаанд эмнэлгийн оношилгооны аппарат ажиллахгүйгээс болоод комьпютер, томографийг нэгдүгээр эмнэлгийн хажуугийн “Сонгдо” эмнэлэгт хийлгэж байсан. Яаралтай, биеийн байдал хүнд байгаа хүмүүс хурдан, шуурхай онош тавих хэрэгтэй учраас хувийн эмнэлэгт оношлуулахаас өөр арга байхгүй шүү дээ. Энэ мэтчилэн олон асуудлууд УНТЭ-д байгаа.
Эм хэрэгсэлгүй шалтгаанаас болж өвчтөнд онош тавьж чадахгүй, хувийн эмнэлэг эсвэл гадаадын эмнэлэг рүү явахаас өөр аргагүйд хүрдэг гэж та нэг ярилцлагандаа дурьдсан байсан. Энэ шалтгаанаас болж хүний бие ноцтой хохирол учирсан тохиолдол байгаа юу?
Өдөр болгон л уг тоног төхөөрөмжийн асуудлаас болоод иргэдэд хүндрэл учирч байгааг манай эмч, өвчтөнүүд маань бүгд мэдэж байгаа. Өвчтөний эм, тариа тасарснаас болоод ар гэрээс нь эм тариа авч өгөхийг хүртэл хүсдэг. Гэтэл өнөөгийн монголчуудын амьдрал ямар түвшинд байгаа билээ дээ. Бидний хэлснээр эм, тариа аваад ирдэг нь ч байна, мөнгөгүйгээсээ болоод эмчилгээ нь зогссон өвчтөнүүд ч байна. Тоног төхөөрөмжийн асуудлаас болоод 5мм-ийн гуурсан хагалгаанд орох оноштой иргэнд төхөөрөмж байхгүй учраас 10 см шарх нээж хагалгаа хийсэн тохиолдол хүртэл гарсан. Энэ бол хүний биед маш том шарх үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болоод бохир ороод биеийн байдал хүндрэх аюултай гээд л хүний амь настай холбоотой олон тохиолдол байна.
Таны мэдэгдсэн зүйлсүүдэд баримт, нотолгоо байгаа юу? Та баталж чадах уу?
Миний хувьд хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн болон түүнээс хойш хэлсэн бүх үг, мэдэгдэлээ баталж чадна.

-Намайг Т.Мөнхсайхан сайдын хүн гэж үзээд, Ж.Чинбүрэн өөрөө сайд болоод хамгийн түрүүнд намайг ХСҮТ-ийн захирлын ажлаас халсан-
Таны хувьд ХСҮТ 2008 оноос хойш ажлаад 2025 онд захирлаар томилогдож байсан. Томилоглоод 2 сар гаруй хугацааны дараа ЭМЯ-ны сайдын ажлыг Ж.Чинбүрэн сайд хүлээн аваад таныг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж мэдэгдсэн. Тухайн үед та ямар шалтгаанаас болоод ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн бэ?
2025 онд ЭМЯ-ны сайд асан Т.Мөнхсайхан надад ХСҮТ-д захирлаар ажлах саналыг тавьсан. Миний хувьд ч ХСҮТ-ийн оочер, дугаарийг бууруулах, ачаалалыг багасгах бодитой шийдэл надад байсан болохоор тухайн саналыг хүлээж авсан. Түүндээ хүрэхийн тулд ч хичээн ажиллаж үр дүн гарч эхэлж байсан. Гэвч Засгийн газар огцроод, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ЭМЯ-ны сайдаар томилогдоод намайг ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийг би цэвэр улс төрийн үзэлтэй холбоотой гэж боддог.
Таны хувьд Ж.Чинбүрэн сайдтай багш, шавийн холбоотой шүү дээ. Гэтэл шавиа ХСҮТ-д захирлаар үлдээхгүйгээр ажлаас тань чөлөөлсөн байдаг. Та Ж.Чинбүрэн сайдтай ямар нэгэн хувийн зөрчил, маргаантай юу?
Бид хоёрын дунд ямар ч хувийн маргаан болж байгаагүй. Би Ж.Чинбүрэн сайдын гарынх нь шавь нарын нэг. Намайг дагуулж, надад мэс засал яаж хийхийг зааж өгч байсан хүн. Гэхдээ намайг ХСҮТ-ийн захирлаас чөлөөлөхөд Ж.Чинбүрэн сайдад хоёр шалтгаан байсан гэж боддог. Нэгдүгээрт, 2025 онд Т.Мөнхсайхан сайдын саналыг хүлээж авч ХСҮТ-ийн захирал болсон нь Ж.Чинбүрэн сайдын уурыг хүргэсэн л дээ. Үүнээс болоод л намайг Т.Мөнхсайхан сайдын хүн гэж үзээд л өөрөө сайд болоод хамгийн түрүүнд намайг ажлаас халсан. Хоёрдугаарт, намайг ХСҮТ-д захирал байхад эмнэлэгт засварын ажил хийгдсэн. Тэр үед ХСҮТ-ийн хашаанд байрладаг УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эмнэлэгт өвчтөнүүдээ байрлуулах, үнэгүй ашиглах гэрээ байгуулсан. Гэтэл сайд Ж.Чинбүрэн, М.Билэгт нар хувийн таарамжгүй харилцаатай байсан юм байна лээ. Тухайн үед Ж.Чинбүрэн сайд “М. Адилсайхан өөрөө ажлаа өгөх өргөдөл өгсөн” гэж мэдэгдэж байсан ч тэр үед намайг халах тушаал альхэдийнээ гарчихсан байсан. Ажлаас халагдахаар дараа дараагийн ажилд ороход хэцүү болдог учраас би өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгч байсан. Түний дараа би УНТЭ-т ажилд орох сонгон шалгаруулалтанд ороход М.Амарсайхан гэдэг хүнийг ажилд авахгүй гэдэг бичиг явуулсан байсан. Үүнийг хараад л Ж.Чинбүрэн гэдэг хүн намайг үзэхээ байсан юм байна гэж ойлгосон.

-УНТЭ-ийн ТУЗ-ийн дарга, ТНБД Д.Очирбатад эмнэлгийн дотоод асуудал төдийлөн чухал биш. Харин УНТЭ-ийн захирлаар өөрийнхөө хүнийг тавихийг л зорьж байсан-
Нэгдүгээр эмнэлгийн ТУЗ-д эмнэлгийн ажилтнуудаас цөөн тооны хүн байдаг гэж та ярьж байсан шүү дээ. Тэгвэл ТУЗ-ийн гишүүдийг ямар хүмүүс бүрдүүлдэг вэ?
Миний хувьд УНТЭ-т ажилд орохдоо маш их сэтгэл өндөр байсан. Гэтэл анхнаасаа л хэцүү нөхцөл байдал хүлээж авсан. Хурлуудад суухад бидний тайлбарыг хүлээж авахгүйгээр ТУЗ-ийн гишүүд, дарга нь бүх бурууг эмнэлгийн удирдах албаныханд байна гэж хурлын протоколд үлдээхийг зорьдог байсан. ТУЗ-ийн бүтэц нь маш том алдаатай байсан. ТУЗ-ийн дарга нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат. Энэ хүн эрүүл мэндийн салбарын бүх хүний дарга нь гэсэн үг шүү дээ. Ийм учраас УНТЭ-ийн дарга нь Д.Очирбат л гэсэн үг. Түүнд эмнэлгийн дотоод асуудал төдийлөн чухал биш. Харин УНТЭ-ийн захирлаар өөрийнхөө хүнийг тавихийг л зорьж байсан. ТУЗ-ийн гишүүдийн хувьд УНТЭ-ээс эмч, сувилагч нар, бусад ажилчдын төлөөл гээд тус бүр нэг хүн, нийтдээ гуравхан л хүн байдаг. Гэтэл энэ эмнэлгийг нуруун дээрээ үүрч яваа 840 хүн байгаа шүү дээ.
Таныг хэвлэлийн бага хурлын маргааш үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх тушаал гарсан. Та халагдахаа хэзээ мэдэгдсэн бэ? Ямар үндэслэлээр халагдсан эсэхийг танд мэдэгдсэн үү?
Намайг хэвлэлийн бага хурлын маргааш нь буюу хоёрдугаар сарын 27-нд ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Халагдсан шалтгаан нь хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олон нийтэд худал мэдээлэл тараасан, эмнэлгийн ажилчдын сэтгэл санааг үймүүлж хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэсэн. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээнд тийм заалт байгаагүй. Уг нь Монгол Улс маань үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг Ардчилсан нийгэмтэй улс шүү дээ.
Таны бодлоор ЭМЯ-ны бодлого, шийдвэр зөв зүйтэй байгаа гэж боддог уу?
Миний хувьд ЭМЯ-ны бодлого шийдвэрийг шүүмжлэх хэмжээний хүн биш. Гэхдээ хувь хүнийхээ үүднээс харахад юун түрүүнд эмнэлгүүдийн засаглалын асуудал яригдана . Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэхээ байсан. Эдгээр асуудлыг ямар нэгэн байдлаар шинэчлэх хэрэгтэй гэж боддог.