Бусдыг бүлэглэн дээрэмдэж, амь насыг нь хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр "Өвөр Монгол рестораны гадна хутга, буутай хүмүүс зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад үл таних залуучууд бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн “Б”, “Т” нарын биед нь халдаж, иргэн “Ц”-ын биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдэж, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч “А” иргэн “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоож, тухайн этгээдийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-д зааснаар яллагдагчаар татаж, Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.